sonin.mn


Орчин үеийн Монголын утга зохиолын хүндэт хойморт заларсан буурал бол Бөхийн Бааст гуай билээ. Энэ жил тэрбээр 93 насныхаа сүүдэр зооглож буй буянтай буурал мөн өө. Тэрбээр 1921 оны намар цаг дор Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль / 1964/-ийг төгссөн.
МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. 1936 оноос уран бүтээлээ эхэлж, "Толбо нуур" зохиол нь 1947 онд хэвлэгджээ. Хүүхдийн уран зохиолын "Гурван ишиг" / 1957/, "Хөөрхөн Баадий" /1959/, "Бушуу туулай" /1967/, үгүүллэг, туужийн "Алтайн цэцэг" /1965/, "Хунгийн дууль" /1970/, "Хөвчийн бор" /1977/ зэрэг 60 гаруй түүвэр, хэд хэдэн роман бичсэнээс гадна "Мандухай сэцэн хатан" зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном судар эмхтгэн редакторласан аж.

"Намрын уянга", "Дарьсүрэн" туужаараа МЗЭ-ийн нэрэмжит шагнал /1966/, "Хангайн бор" тэргүүтэй холбоо туужаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ тус тус хүртжээ. Түүний Монголын оюуны салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" /1999/, Монгол улсын "Ардын уран зохиолч" /2006/ хэмээх эрхэм дээд цолыг олгосон байна.

Бөхийн Бааст нь Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ. Тэрбээр Монголын шинэ цагийн утга зохиолын ноён оргил болсон их хүмүүсийн уран бүтээл, амьдрал, цаг үеийн түүхийг бидэнд үлдээх гэсэндээ цуврал дурсамжууд дээрээ өдгөө ч ажилласаар л сууна. Түүний нууцлаг мөртлөө агуу, утга зохиолын урлангаар сэтгүүлч зочилж, их утга зохиолын түүх болон уран бүтээлийн тухай халуун яриа дэлгэснийг эрхэм уншигч авхай таны хүсэлтээр ийн дахин толилуулж байна. Дашрамд үгүүлэхэд өдгөө амьд сэрүүн байгаа долоон Ардын уран зохиолчийн хамгийн ахмад нь Б.Бааст гуай билээ. Өвгөн зохиолчийн зүрхний өчлийн тухайд таалал хотлоор оршиг!



-Бааст гуай, та ерэн нас дөхөж яваа гэхэд мөн ч хөнгөн шингэн, эрч хүчтэй сайхан байна шүү. Есөн цуврал ном гаргачихлаа. Цуврал чинь цааш үргэлжлэх үү?

-Үргэлжилнэ ээ. Хичнээн ном гарах цаад үзүүр нь харагдахгүй л байна. Ирэх жил Удвал бид хоёрын 90 насны ой болно. Сая ойг нь угтаж, "Удвал" сан, Удвалын хүүхдүүд, эмэгтэйчүүдийн байгууллага хамтраад нэг арга хэмжээ зохион байгууллаа. Нас чацуутан гээд намайг үг хэл гэж урьсан юм. Урилга аваад би бодлоо л доо. Удвал бидний дээдэс бүгд алга. Б.Ахтаан, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен. С.Дашдэндэв, Ц.Цэдэнжав. Ц.Уламбаяр. ерөөхм Ч.Жигмэд. Хөвсгөлийн Мижид гээд олон сайхан буурлууд маань биднийг орхиод явчихаж.

Түүгээр барахгүй бидний үеийнхэн Д.Сэнгээ, Ч.Чимиа, Ч.Ойдов, Д.Тарва, Ч.Лхамсүрэн, Ч.Лодойдамба, Л.Ванган нар маань алга. Доошоо бас Б.Явуухулан, С.Эрдэнэ, С.Дашдооров байхгүй. Би ганцаараа доёийгоод үлдчихэж. Ингээд бодохоор ёстой хэрэг алга. Гунигтай байна Тэднийхээ араас явмаар санагдаж байна. Тэр уулзалт дээр би олигтой юм хэлж чадаагүй. Манай Удвал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хүн. Тэгэхдээ, хүнийг нэг чимхэхээрээ айхтар хатуу чимхэнэ. Би Архангайд ёстой насандаа мартамгүй нэг чимхүүлсэн юм. Түүнийгээ ярьж амьтан шуугиулаад, Удвалынхаа зурагнаас адис авчихаад гарсан.

Би дээдчүүдээсээ Ахтаан гуай, Жигмэд гуай, Хөвсгөлийн ерөөлч Мижид гуайг бичжээ. "Удвал, Оюун хоёр минь", "Цэндийн Дамдинсүрэн" зэрэг номууд хэвлэгдсэн. Сая "Ринчен гуай болон..." ном минь гарлаа. Намдагаа гараас гаргачихсан. Намдаг бид олон жил үерхсэн. Намдагийг надаас өөр олигтой мэдэх хүн ч үлдсэнгүй. Түүнийхээ тухай бичсэн арван долоо найман юм байна. Одоо Уламбаяраа эмхэлж, бичиж байна.

Цэдэнжав, Сэнгээ, Чимид, Тарва гээд л бичих эмхлэх санаатай. Би зохиолч нөхдөө дурсахыг өөрийн гэгээн үүргээ гэж бодсон. Тэд ч намайг ийм ажил хий гэж үлдээгээ биз. Энэ сайхан зохиолчдынхоо тухай дуртгал дурсамжийн ном бичиж үлдээх сүүлийн мэддэг хүн, амьд ганц гэрч нь би л болоод байна. Надаас өөр тэднийг мэдэх ч хүн алга. Бичих ч хүн байхгүй. Дашдэндэвийн дараа Ц.Цэдэнжав, Д.Сэнгээ, Ч.Чимид, Д.Тарва, Ч.Лхамсүрэнгээ бичнэ. Ч.Лодойдамбаа бичмээр байна. Ч.Ойдовыг бичих ёстой. Тэгээд л үхмээр байна. Амжих эсэхийг бүү мэд. Гар маань хоёр гурван хуудас бичээд л үзгээ алдчихдаг боллоо. Ийм гартай яаж амжуулах билээ. Аюул байна шүү. Уламбаяр, Дашдэндэв хоёрын 100 жилийн ой болж байна. Зохиолчдын хороо мэдэж л байдаг байгаа.

-Үнэхээр гайхамшигтай номын сантай юм. Багцаагаар хэдэн ном байна?

-10 мянга гаруй ном бий. Ардын хувьсгалын жилүүдэд хэвлэгдсэн монгол уран зохиолын ном үндсэндээ байгаа. Орос хэл дээрх нь дандаа дурсамж дуртгал, баримтат уран зохиолын номууд. Би дөчөөд оноос ном цуглуулсан. Захидлаар ч хүмүүстэй харилцаж эхэлсэн. Одоо ч тэгээд бичихгүй бол уншихаас өөр юу хийх билээ. Уншихаар ухаан тэлнэ. Ядахдаа нэг шинэ үг, шинэ санаа олно. Уран хурц, ухаантай, сайхан хэллэг олно. Гоё дүр дүрслэл олно. Уншиж л байвал болж байгаа нь тэр. Уншихаа боливол тэгээд л миний хувьд кино төгслөө гэсэн үг дээ.

-Таны гар бичмэлүүд бүгдээрээ хадгалагдаж байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ, rap бичмэлүүдээ Улсын архивт өгчихсөн. Энд сүүлийн хэдэн жилийн л юм байгаа. Архивынхан намайг, зохиолч нараас хамгийн их "новштой" нь гэдэг юм. Тэмдэглэлийн дэвтрүүдээ архивт өгч болохгүй юм шиг байна. Надад 300 гаруй дэвтэр байна. Замын-Үүдэд нэг хайртай шар зээ маань байдаг юм. Түүндээ хар авдраа, тэмдэглэлийн дэвтрүүд, бусад нууц ба нууц бус, хожим хэвлэж болох бүх зүйлээ өгнө. Бусдын хоол болгохоор ач зээ, зээнцэр энэ тэр минь гэгээрч, соёлжиж, эрдэмжиж ашиглаасай.

Нэг аймшигтай зүйл гэвэл монгол бичиг их холдож байна. Би ихэнх тэмдэглэлээ монгол бичгээр хөтөлсөн. Голцуу яарч сандран таталгаж бичсэн юм байдаг. Хоёр хоновол өөрөө гаргахгүй, хол явбал хүн гаргахгүй юм ихэнх нь байгаа. Түүнийг хэрхэн ашиглахыг хэн маань ч хэлэхэд хэцүү.

-Кириллээр та нэлээд сүүл үеэс бичсэн үү?

-Би монгол бичиг үсэг тав солигдохыг үзэх гэж буй хүн анх бийр янтай хэрэглэж муутуу цаасан дээр монгол бичиг сурсан. Дараа нь латин бичиг сурсан. Эргээд монгол бичиг рүү шилжсэн. Дөчөөд оны дундуур шинэ бичиг сурсан. Одоо эргээд монгол бичиг сурах, хэрэглэх тухай ярих болж. Энэ ч амбасын үлгэр болох биз.

-Хүүхдүүдээс чинь зохиол бүтээлийг тань сонирхдог хүн бий юу?

-Байхгүй ээ. Хамгийн эмгэнэлтэй нь энэ. Манай зохиолчид дотроос үр хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн нь байдаг юм. Гэтэл Дашдэндэв гуай бид өөрсдөө улаан хувьсгалч зан гаргаж, нам, улс, эх орны төлөө гэж явсаар үр хүүхдээ мартчихсан. Миний хүүхдүүдээс эд материалаар тус болохоос биш эрдэм соёлын талаар тус болох нь алга шиг байна. Намайг нас барахад юмыг маань тарааж эхлэх биз. Эзэн болох хүн алга. Миний юмыг уншдаг хүн алга. Миний тухай ярих хүүхэд байхгүй.

Манай аав сайхан хүн байсан, намхан нуруутай навтгар хүн байсан гэхээс өөрийг хэлэх хүн алга. Тийм зохиолыг тэгж бичсэн гэж дурсах хүүхэд байхгүй. Би хэлээд цөхөрсөн. Гомдох ч юм. Ганц туужийг минь ч болтугай унш гээд ядчихсан. Харин ач зээ нараасаа найдвар тавьж байгаа.

-Та олон хүүхэдтэй юү, одоо хэдэн үеэ үзээд байна вэ?

-Гурван хүү, дөрвөн охинтой байсан. Хоёр хүү минь нас барсан. Сайхан охин минь осолд ороод 49-хөн насандаа нас барсан. Хоёр жил болж байна. Их хар буух юм. Миний хамгийн хайртай охин. Нөхөр нь жолооч, хоёр хүүхэд нь жолооч. Тийм хүн аваарт орчих юм ёстой хэлэх үг олдохгүй. Хэцүү юм аа. Одоо гурван охин, ганц хүүтэй үлдсэн. Би зээнцэрээ үзчихлээ. Дөрвөн үеэ үзэж байна. Нийлээд хорь гучин хүн болж байх шив. Ер нь өөрийн үр хүүхдээс илүү хүүхдийн хүүхэд гэдэг алт мөнгө, амь нас, аз жаргал байдаг бололтой.

-Та зохиолуудаа голдуу амралтын газар бичсэн байх юм. Амралтын газар яагаад таны уран бүтээлийн орчин болдог хэрэг вэ? Харин ч хөл хөдөлгөөнтэй, бичихэд саадтай биш үү?

-1949 онд анх улсын амралт гэж одоогийн Сонгины эхчүүдийн амралтыг нээсэн юм. Би тэр онд улсын ударник болчихов. Ударник хүн улсад нэг cap үнэгүй амар гэнэ. Тэгэхээр нь амрах гэж яадаг хэрэг вэ, амралт гэгчид явуулаад одоогийн ойлголтоор бол араар нь эргэлт хийж, сандал ширээг нь авах гэж байгаа юмуу гэх ухааны юм ярьж байлаа шүү дээ. Анхны амралт улсад тэгж нээгдэж, анхны амрагчдын нэг нь би болж байгаа нь тэр. Арваад хүн нэг cap амарлаа.
Тэгж амрахдаа "Цогт" туужаа бичсэн. Түүнээс хойш амралтын газар миний уран бүтээлийн нэг гэр болж хувирсан. Гол зохиолуудаа дандаа амралтад бичсэн дээ. Гэртээ их ховор бичсэн шиг байгаа юм. Сонгино, Сөгнөгөр, Сэлбэ, Ойн булаг, Санзай, Сүүж уул, Ар Жанчивлин, Баянбуурал амралтууд миний уран бүтээлийн орд харшууд. Ардын жүжигчин Э.Оюун бид хоёр хорин жил амралтад хамт явсан. Хоёул явахаар бие биедээ дэмтэй. Бичиж байснаа гацчихвал зөвлөлдөнө.

Орос хэл дээр ном уншихдаа ойлгохгүй бол Оюун руугаа гүйнэ. Ингэж амрах бүртээ би уран бүтээл хийсэн. Харин Оюун маань бараг бүтээл хийгээгүй. Дандаа бусдын орчуулсан кино зохиол, жүжгийг редакторлана. Орчуулсан хүмүүс нь өөдтэй юм хийхгүй. Бүгдийг шинээр бичин махаа идээд суучихна. Ингэж бусдын зарц болсоор амьдралаа дуусгасан. Түүнээс болж бид муудалцана. Хүний үгэнд орохгүй. Ингэж хүний зарц болоод чамд ямар ашиг байна гэхээр ашигтай гэнэ.

Бусдын юм редакторлаж, орчуулж хэдэн төгрөг олно. Хөөрхий минь, уран бүтээл хийх хамаг сайхан цагаа тэгж алдсан. Бидний амьдрал ийм л байлаа. Цалин бага. Үүндээ ч гомдож байсангүй. Ийм л байх учиртай юм байлгүй гэж боддог байж. Удвал ч гэсэн. Өөр гэрэл гэгээтэй улсад төрсөн бол гарын нарийн бичиг, хэвлэлийн төлөөлөгч, эмч, тогооч, оёдолчин, үсчин гээд юм юмтай л байхаар хүн. Гэтэл тэр сайхан хүн бүх юмаа дан өөрийн гараар, хар биеэр зүтгэж хийсээр олигтой баярлаж, жаргасангүй.

Тувт зүтгэсээр байгаад л өнгөрсөн. Бид хүнийхээ сайхныг өнгөрсөн хойно нь л ухаарах юм. Гэтэл гадаадын кино жүжигчдийг хар. Сүрэг юм л дагуулж явна. Удвал тогоочтой байсан бол хүн зарлаа гээд бөөн юм болох байсан биз. Мөн ч бүдүүлэг, хөөрхийлөлтэй байж дээ. Энэ нь улсад ч их гарз, уран бүтээл хийдэг сайхан хүмүүстээ ч гарз болсон. Зарим нь ч гомддог цухалддаг, гашуун нясууныг уудаг, тэгээд амь насаа эрт алддаг тийм л байж. Олон сайхан зохиолчид ядахдаа тавь хүрэхгүй шахуу л явлаа шүү дээ. Чимид, Гайтав, Явуухулан, Дашдооров, Эрдэнэ, Лодойдамба, өөр бусад олон хүн байна.

-Гашуун нясуун юм хэрэглэдэг гэснээс та өөрөө хэрэглэж байв уу?

-Хэрэглэлгүй яах юм бэ. Ленин клуб зуны улиралд гаднаа бүжгийн талбай засчихдаг байлаа. Хоол унд, архи пиво дотроосоо зөөнө. Тэнд бүжиг болно. Би жаахан бүжиг оролдоно. Чойжилын Чимид орос сургуульд сурдаг байсан. Хамт сурдаг Алла Попова гэж хөөрхөн охинтой найзална. Өнөө хоёр маань бүжгэнд ирнэ. Чимид өөрөө бүжиглэхгүй. Поповаг надтай л бүжиглүүлнэ. Өөр хүнтэй бүжиглүүлэхгүй. Бид бүжгэнд орохдоо пиво уудаг байснаа сүүлдээ давраад архи амсдаг боллоо.

Тэр үед "Толбо нуур" ном маань гараад овоо мөнгө авчихсан. Өнөөхөөсөө баахныг хармаалаад Чимид бид бүжгэнд очлоо. Тэгээд би лут согтжээ. Бүр ухаанаа алдсан байгаа юм. Зоогийн ширээн дээр гарчихаад илтгэл тавьж, мөнгө цацаад, сүйд болсон гэнэ. Тэр үед Зохиолчдын хороо Чойжин ламын сүмийн баруунтаа, дамждаг хоёр өрөө жаахан байшинд байв. Анхны хань минь нас бараад гурван жил ганцаараа явсан үе. Хорооныхоо байранд яаж ирснийг мэдэхгүй, нэг муу жижиг диван дээр унтчихжээ.

Өглөө сэрсэн чинь шартаад дотор гэж авах юм алга. Ойдов ирлээ. Өчигдөр чи ёстой нэг бужигнуулжээ гэнэ. Одоо яах билээ гэсэн чинь очиж буруугаа хүлээ. Тэгээд пиво ууж шараа тайлъя гэж байна. Очно гэхээс халгаад санаа зовоод. Очихгүй байх бас хэцүү. Ойрхон өөр пивотой газар байхгүй. Дүүрсэн хэрэг гээд л Ойдовоо дагаад гарч өглөө. Ресторан руу орсон чинь өлгүүрийн авгай нар өнөө гайхал чинь ороод ирлээ гээд шивэр авир гэлцэж байна. Нуруугаар хүйт оргиод л явчихсан.

Хоёул хоол идэж, пиво уулаа. Хөлс гараад сайхан ч боллоо. Тооцоо хийх гэтэл мөнгө хураагч хүүхэн хэлж байна. Өчигдөр орой та жаахан эвгүй байдал гаргалаа. Гурван шилэн аяга хагалсан, мөнгийг нь төлнө дөө гэж байна. Тэгэлгүй яахав, төлье, хэд вэ гэсэн чинь 25 төгрөг гэнэ. Төлбөрөө хийж, шараа тайлаад, дахиж орох нүүртэй болоод гарлаа даа. Насандаа марташгүй айхтар юм ингэж үзлээ. Архи ууж сураагүй хүн тэгж галзуурдаг юм билээ. Түүнээс хойш уухаа хямгадсан. Ганц нэг хундага таталгүй яахав. Одоо уухгүй бол хэзээ уух билээ. Эрүүл мэндэд ч хэрэгтэй юм шиг байна.



-Нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ явав? Багын байснаас нутаг ус тань өөрчлөгдөж үү?

-Уржнан явсан. Наяад оноос хойш очоогүй юм. Бага охин минь хүний их эмч. Охиноороо амиа хамгаалуулаад зээ хүүтэйгээ цоо шинэ А-69 машинтай гарч өгсөн. 11 аймгийн нутгаар 22 хоног яваад ирсэн. Нутаг маань Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум. Үнсэн дээр хаясан шалз шиг л болж. Өнөөх бургас, улиас, их харгана, дэрс түнгэ юу ч алга. Хааяа нэг тачир харгана, энд тэнд бургасны оёор төгцөггэй, ганц нэг өндөрдүү бургас дээр хэрээ суучихсан тийм л газар угтсан.
Манайхны өвөлждөг газар хэсэг өндөр бургас байснаас ганц л жижиг бургас үлдэж. Хадаг уяж, идээ цагаа өргөлөө. Ээжийнхээ нас барсан газрыг олоогүй. Харин цогцсыг нь тавьсан газраа мэдэж байсан болохоор тэнд очсон. Баян-Өлгийн хэдэн сум дундаа ганц урианхай ламтай юм. Тэр ламыг залж, ээжийнхээ газар ерөөл уншуулаад дотогшоо уйлж, цээжээ цэлмээн, сэтгэлээ уужрууллаа.

-Тэгээд нутагтаа очоод сэтгэл сэргэсэнгүй юү?

-Сэргэх байтугай сэнсэрчихсэн. Ховд гол яваандаа ширгэх эхээ тавьчихаж. Хэзээд дүүрэн устай байдаг нь больж. Дундраад зарим газар нь арал гарчихаж. Аймшигтай хорт шумуул нь бараг алга болж, нутгийнхан маань сумаараа уул шил өөд нүүн гарч, зуншдагаа болих нь. Жилийн дөрвөн улиралд хүн малын хөлд талхлуулсан нутгаас юу үлдэх билээ. Юу ч үлдэхгүй. Цөлжинө. Ер нь цөлжих, хуурайших аюул бүх газрыг хамарчихжээ. Байсан ан амыан, жигүүртэн шувууд нь алга болж.

Амьд явах насныхаа эцэст нутаг юугаа ийм болно чинээ зүүдлээ ч үгүй явлаа. Элдэв юм үзэхийн дотроос төрсөн, өссөн нутгаа ийм болохыг үзэхээс илүү эмгэнэл, харуусал гэж өөр юу байхав дээ.

-Багын дурсгалтай дотно сайхан газруудаа эргэв үү?

-Баглай, Бадам, Бадаан (Цэвээнгүр) гээд охидод гэнэн балчир цагтаа анхны хайраа илэрхийлж явсан газрууд таарах... Уйлмаар... Нүнжигтэй, буянтай баян Төрбат гэдэг хүний хувийн хүч хөрөнгөөр байгуулсан 50 хүүхэдтэй, зуны сургуульд гурван cap багшилсан Хоогийн булагтаа очлоо. Гэнэн багын хөгтэй, хөгжилтэй явдлуудаа санаж, дурсаж явлаа. Өглөө босоод л дөрвөн аргын тоо, цагаам толгой заах нь уйтгартай гэж жигтэйхэн байдаг байж.

Нэг өдөр хэдэн сурагчаа дагуулаад хувин, гадас барьчихсан зурам намнаж явтал Төрбат баян давхиад ирлээ. "Чамайг ардын үр хүүхдийг ном сурга гэснээс амьтан алж нүгэл хий гэж багш болгоогүй" гээд л ташуураа голцуу агаарт хий эргүүлэн сүр үзүүлж, заримдаа дал мөрөнд зөөлөн хүргэхэд нь айхын эрхэнд сурагчидтайгаа уйлалдан сургууль дээрээ ирж байж билээ. Би цогц багатай. Даавуунд арвин дааганд хөнгөн хүүхэд. Төрбат баяны сургууль буудаг намар их овоог тахихад Дамба баяны хурдан бор морийг унах боллоо.

Өнөө сүрхий багш чинь сурагчидтайгаа морь унаж яваа хэрэг. Их насны морь уралдах өглөө Дамба баян "Хөгшин ах нь урьд шөнө их муухай зүүд зүүдэллээ. Хоёр морины минь нэгэнд зэтгэр тохиолдож магад. Болгоомжтой яваарай" гэж хэллээ. Дамба баян буурал ташаатай, лут жороо хээр морьтой. Хоёр морины нэг гэдэг нь тэр. Тохомыг минь нүхэлж, морины дэлнээс бөхлөн уяад, хоёр олмыг минь чангалж, өөрийнхөө даруулга олмыг давхар татаж өгөөд явууллаа. Зурхай дээрээс хурц гараатай хэдэн морьдтой бор морь минь зуузай холбон цахилан гарав.

Явж байснаа хэд тонгортол би эмээлээ зайдлаастайгаа тээр тэнд үсэрчихлээ. Араас морьд ирэхээс өмнө амжиж замаас гарав.Морь тавьсан хүн сундлаад аваад явлаа. Морины хөлсөнд идэгдээд бөгс улаан нялга болоод очиж. Яршиж шархлаад, бүтчихлээ. Их зовж, тэр зовлонгоос салсан. Бор морь минь түрүүлсэн морьтой зуузай холбож иржээ. Эзэнгүй ч тэгж давхисан морийг нэг ухраагаад айргийн тавд оруулж. Малчин хүний зөн совин гэдэг лут шүү.

Дамба баян ийм гай тохиохыг зүүдэндээ мэдсэн байгаа юм.

-Та ингэхэд яаж яваад зохиолч болчихсон юм бэ? Бөглүү хязгаар нутгийн хүүхдэд юу нөлөөлж зохиолч болсон нь сонин байна?

-Энэ асуултыг би өөртөө тавьдаг л юм. Тэгээд тодорхой хариу ер олж байсангүй. Миний бага нас бөөгийн дуудлага, тууль хайлсан орчинд өнгөрсөн. Апь алиных нь онгод голдуу өвлийн уртад орно. Туульч хүмүүс яасан сайхан элбэг байсан юм. Туульчаар тууль хайлуулахын тулд хадаг барьж, хэд хоног тууль хайлж хэцээлж амар гэж зална. Ирэхээс нь өмнө гэр орноо цэвэрлэж, хоол ундаа бэлдэнэ. Туулийг ганцхан орой хэлчихгүй, олон шөнө дамжин хайлна.

Туульч товшуурдан нам дуугаар тууль хайлахад хүүхэд хойно ихэнхдээ унтчихна. Тэгэхээр тууль надад нөлөөлөөгүй байх. Миний ижийн таван эгчийн хамгийн томынх нь хүү Луузан гэж дөч эргэм насны эр хүн байсан. Тэр хүн бөө. Шаргай гэж Ховдын халх, тавь эргэм насны удган авгай байлаа. Бүдүүн тарган гэж жигтэйхэн. Манай нутаг ийм л хоёр бөөтэй. Бөө өвөл бөөлнө. Гэхдээ сардаа ганц хоёр л бөөлнө. Зун бөөлөхгүй. Хүн хүндээр өвчилж болохоо байлаа гэхэд зундаа бөө зална.

Тэр нь ховор. Бөөгийн дуудлага их тод сайхан хэллэгтэй, уран яруу, сонсголонтой. Гэхдээ намайг уран зохиол руу ороход гойд нөлөө үзүүлсэн юм байхгүй байх. Шинэ цагийн зохиолчдоос ч надад нөлөөлсөн юм байхгүй. Нөлөөлөх ном нь ч байгаагүй. Ингээд бодоод байх нь ээ ижийн минь нэг үг миний амьдралын зам чигийг заасан алтан гадас од болсон байж мэднэ.

-Алтан гадас болсон үг гэхээр их л учиртай үг хэлж дээ?

-Би олон хүүхэдтэй, ядуу айлын үр сад. Ижий минь намайг их багад нас барсан. Сэтгэл хэлтгий үед, жаахан архи уугаад уярчихсан байх үед ижийн минь дүр их тод харагдана. Бусад үед царай зүс нь санагдахгүй. Ижий олон хүүхэд гаргасан. Сүүлчийн хүүхдээ гаргаад нялхын халуунаас болж нас барсан юм. Гарсан үр нь ч юм болоогүй. Миний ижий айлын эгч дүү долоон охины зургаа дахь нь. Ижийн минь доод талд Зандан гэж сайхан охин байж. Хосгүй сайхан царай зүстэй, үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэж эгч нар нь ярьдаг юм.

Өсч том болоод үр хүүхэд ч гаргаагүй, эр хүнтэй ч энгэр зөрүүлээгүй нас барсан юм билээ. Тэгээд дараа нь ижий нас барсан. Ижийн таван эгч бүгдээрээ олон хүүхэдтэй, урт ч насалсан. Ижий өвөлжингөө өвдсөн байх. Аргаа бараад хавар нь манайх хүрээ бараадлаа. Хаврын хавсарганаар хүрээний ойр нүүж ирээд нэг далан дээр буув. Гэрээ ч дулаалсан юмгүй, хаяа онгорхой, ижий гэрийнхээ зүүн хаяанд нэг муу ор шүү юман дээр суух. Аав, ижийг чөтгөр шуламд өгөхгүй гэсэн аятай тэврээд суучихсан ийм л хоёр амьтан байдаг.

Хүрээнээс аавын ах ламын гэрийг нүүлгэж ирээд биднийг аавын ээжийн эх гэж харгис чавганцын гарт атгуулчихав. Аав ээж хоёр луу биднийг явуулахгүй. Ядуу хүний хүүхдүүд хар цай, хатуу хуруудаар л хооллоно. Гадаа зөндөө түлээ байхад түлээ түү гээд явуулчихна. Эргэн тойрон модтой болохоор газар унасан гишүү мөчрийг ядах юмгүй түүгээд ирнэ. Мөс овоолоостой байхад л мөсөнд яв гэнэ. Өдөр барж, биднийг ажилтай байлгах гэсэн арга юм даа. Нэг өглөө өнөө харгис чавганц чинь томоо хар домботой халуун хар цайг хоөр аяганы хамт бариулаад цаад хоёртоо оруулж өг гээд намайг явууллаа.

Ижийнхээ барааг харах нэг том аз ингэж таарав. Өөрөөс минь өндөр шахам домботой цайг үүрээд очлоо. Муу ээж минь үс нь сэгсийж, нүүр нь үрчийсэн амыан аахилаад, аав дээлэнд ороогоод тэврээд суучихаж. Авчирсан цайгаа аягатай нь тулганы дээхнэ тавьчихаад доохно нь очоод гар хуруугаараа оролдон зогсож байтал ээж нэг юм хэллээ. Би дуулсангүй. Аав, ээж нь үнсье гэж байна гэлээ. Айсан гэж жигтэйхэн. Тийм муухай болчихсон, хөөрхий минь. Дөхөж очоод духаа өгөхөд нэг хүйтэн юм хүрэв.

Буцаад тулганы дор очоод зогсож байтал ээж аавд нэлээд олон үг хэллээ. Аав ч толгойгоо дохиод хэлснийг нь зөвшөөрч байгаа бололтой. Тэгээд л яв гэхээр нь би гарсан. Хоёр гурав хоноод ижий минь нас барсан. Тэр олон ах, эгч нараасаа ижийнхээ барааг хамгийн сүүлд харж, үнсүүлсэн азтай хүү нь би. Хожим нь ээж юу гэж хэлснийг ааваас асуусан юм. Бид ах дүү арван наймуулаа. Энэ хэдэн хүүхдээс чинь амандаа тостой явах нь энэ муу сөөсгөр байж мэднэ шүү.
Үүнийгээ харж яваарай гэж хэлжээ. Ижийнхээ тэр үгийг сонсоод өөрийн эрхгүй уйлж билээ. Ижий хүний ухаан гэдэг тийм айхтар мэргэн цэцэн, саруул, сийрэг, үр хүүхдээ нэвт шувт мэддэг юм билээ. Тэр олон дотроос ном бичгийн захад хүрч өдий зэрэгтэй яваа нь ганц би. Бусад нь хар бор ажил хийж явсаар энэ хорвоогоос буцсан. Одоо надаас ганцхан дүү нэг муу эмэгтэй дүү л үлдээд байна. Ижийн энэ үг л намайг уран зохиолын амаргүй хөдөлмөрт зүтгүүлсэн байх гэж боддог.

-Бага насыг тань бөөгийн дуудлагаас салгаж ойлгохын аргагүй юм байна. Та бөө шүтдэг үү?

-Шүтлэгтэй гэж хэлэхэд хэцүү. Бөө хэрхэн бөөлдөг байсныг би одоо ч их тод санадаг юм. Бөөгийн гэр орон нь хачин аймаар Тотгоны дээд талын таван унины цаагуур хар даавуу татаад гурван хар могой хавчуулчихсан нь яг л амьд могой шиг л харагдана. Хоймрын хөшигний цаагуур бөөгийн хувцас, дүнгэр / хэнгэрэг/ байна. Бөөлөх орой гэрийн эд хогшлыг гаргаж зайчилна. Хутга мэс, сүх, мах, улайны зүйлийг бүгдийг гаргана.

Нар шингээд харуй бүрий болохоор бөө хувцсаа өмсөнө. Хувцас нь хүн даахын аргагүй хүнд, хонх, тэнгэрийн сум, том, жижиг гуулин толинууд, унжлага манжлагуудтай. Малгай нь жигтэйхэн сүртэй. Дүнгэрээ цохидог малъяа гэж байна. Бөөлөхийн өмнө тулганы эхэн дээр сан тавина. Дүнгэрээ сан дээр бариад хааяа нэг цохин бараг цаг сууна. Тэгээд л хөдөлгөөн нь ширүүссээр бөөлж эхэлнэ. Өвлийн урт шөнө үүр цайтал бөөлнө. Янз бүрийн онгод орж ирнэ.

Чоно болж улина. Буур болно. Буур их догшин, аюултай гэрт байгаа бүх хүн дээр хөрвөөнө. Хүүхэд шуухад гэхгүй. Хатуу унжлага энэ тэр нь холгоод хүүхэд ёолоод уйлж байдаг. Өвдөж хавдаж, үхсэн хүн байдаггүй л юм. Тулганд гал тасрахгүй. Галтай тулган дээр хөрвөөх гэнэ. Баруун хаяанд зургаан залуу суулгаад гурван хөшүүрэг бэлдчихнэ. Буурын онго орохоор өнөө залуучууд хөшүүргээ аваад бөөгийн шилээр нь хоёр, нуруугаар нь хоёр, тахимаар нь хоёр нь хөшнө.
Хөшүүргэн дээр өнөө бүдүүн Шаргай удган чинь галд унах шахаад л хөрвөөнө. Гал дээгүүр харайна. Жир үедээ юун тулган дээгүүр харайх. Тийм сонин. Энэ мэтээр онгодууд нь ирж явсаар хамгийн сүүлд мэргэ төлөг татна. Бөө гадаа гарч, гэрийн үүдэн талын дээвэр дээр дүнгэрээ дээш нь харуулаад цохиод байна. Дээр нь чулуу тог тогхийгээд л унана. Хаанаас унадаг юм, бүү мэд. Тэгж байгаад 41 чулуутай орж ирнэ. Өвчин зовлонтой хүмүүс үзүүлж харуулж, засал юмаа хийлгэнэ.

Хамгийн сүүлд үүр цайж бөө чилэх болохоор бүх хүн хормойгоо дэвсэн сөхөрч сууна. Бөө дүнгэрээ цохин нэг хаяанаас эхлэн хүн бүхний хормой дээр малъяагаа шидээд явна. Дээш харвал энэ жил эрүүл саруул, сайн сайхан явах нь гэж баярлана. Доошоо харж тусвал тэр хүнд муу юм болох нь гэж үзнэ. Засал энэ тэрийг нь бөө зааж өгнө. Жинхэнэ бөө тэгж л бөөлдөг байсан. Хамгийн гайхамшигтай нь амьтнаас өргөл барьц авч байхыг үзээгүй. Одоо чухам юу болоод байгаа юм бүү мэд.

Өндөр өсгийтэй гуталтай, жинсэн өмд өмсчихсөн, модон поошигны тал шиг хэнгэрэг барьчихсан, удган мод гээд манай зуслангийн арын хөмөг дор байдаг ногоон модыг хоргой, торгоор боож, хадаг яндар уячихаад 15 минут хэнгэрэг цохиод л, өнөө цугласан улс нь ч бөө залаад сайхан болчихлоо гэж тахиж шүтээд сүйд болох юм. Би шашныг дотроо хүндэтгэдэг. Гэхдээ шашин гэхээсээ илүү байгаль дэлхийгээ шүтдэг, хайрладаг. Ус голдоо, ой модондоо, цэцэг навчиндаа, ан амьтандаа хайртай Байгалиа шүтэж сүсэглэж, түүний төлөө хамгаа зориулдаг, бичдэг хүн болж хувирсан байна.

Сүүлийн дөчөөд жил миний бичсэн юм тэр чигээрээ байгаль дэлхий. Одоо ч бичиж байна.

-Шадивлин зуслан гэж таны нэг хайртай газар байнаа даа?

-Хайртайгаар барах уу, Зохиолчдын тосгон гэдэг буяны газар байгуулах гэж Удвал, Түдэв хоёр минь төлөвлөж байв. Бидний заяа дутсан. Тэр хоёрын дараах урагшгүй золигнууд тэр газрыг маань тэр гэх тэмдэггүй болгуулаад хаялаа. Шадивлинд дөч гаруй жил зуслаа. Жил бүр уран бүтээлийн ургацтай бууж ирдэг Үр хүүхэд, ач зээ, ачинцар зээнцрүүдэд минь их өлзий болсон нутаг. Тэднийхээ амьдралаар "Елдэн саарал" тууж, "Шадувлин зуслангийн өгүүллэгүүд", "Жинжиймаа" гэж номууд хэвлүүлсэн. Шадивлингийн тэмдэглэл гээд 100 гаруй хэвлэлийн хуудас тэмдэглэл цаана нь байж л байна.

-Зохиолчид голдуу шүлэг яруу найргаар уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг. Та бас шүлгээр эхэлсэн үү?

-Би 1936 оноос уран зохиол оролдсон. "Монгол ардын хувьсгалт үндэсний соёлын зам" сэтгүүл 1933 оноос гарсан юм. Cap бүр гардаг улс төр, утга зохиол, урлаг соёл, орчуулгын, өнгөтөй сайхан сэтгүүл байсан. С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ши.Аюуш нар гаргаж байсан. Бас "Шинэ толь", "Хэл бичгийг сайжруулах бодлогын бичиг" гэж цувралаар гарч байв. 1929 онд зохиолчдын уран бүтээлийн цомирлог "Уран үгсийн чуулган" гэж зузаан сэтгүүл гарав. Энэ бүхэн дээр гарсан шүлгүүд намайг шүлэг бичих өвчинд хөтөлсөн.

1936 онд анх "Миний нутаг" гэж шүлэг бичлээ. Бичсэн шүлгээ яахаа мэдэхгүй, бичээд л хадгалаад байв. 1937 онд Гэгээрүүлэх яамны сайд Баттөмөр манай аймагт ирлээ. Багш нар ч сайхан хүмүүс байж. Баттөмөр сайдад Манай нэг хүүхэд шүлэг гээд ийм юм оролдоод байх юм. Болж байна уу, үгүй юү. Мэддэг газар, хүмүүст нь хүргэж өгөөч" гээд хэдэн шүлэг өгч явуулжээ. Тэгээд сураггүй болсон. Сураг дуулахнаа Баттөмөр сайд хэлмэгджээ. Дараа нь Ардыг гэгээрүүлэх яамны орлогч сайд Дамбийням ирэв.

Түүнд бас л хэдэн шүлэг, "Хангайн хүүхэн Хандцэцэг" гэж дуурийн цомнол гэсэн хэдэн дэвтэр шүлэглэсэн жүжгэрхүү юмны хамт явуулчихлаа. Дамбийням бас л хэлмэгдэж. Дараахан нь 1939 оны үед Гэгээрүүлэх яамны орлогч сайд Нацаг гэж хүн ирэв. Түүнд дахиад баахан шүлэг дайлаа. Гурван сайдаар шүлэг явуулаад нэг нь ч сураггүй болов.

-Тэгээд хот руу явуулсан өнөө шүлгүүдийнхээ араас хөөцөлдөв үү?

-Ховд аймгийн яамны дэргэдэх дунд сургуулиа төгсөөд 1940 онд би хотод ирлээ. Хотод анхны арван жилийн нэгдүгээр сургууль нээгдэхэд тэнд орж суралцлаа. Нөгөө ангид сурдаг, хожим физикийн том эрдэмтэн болсон Н.Содном нэг өдөр намайг дуудаад, чамайг Ховд Бааст гэдэг үү гэж байна. Тийм гэлээ. Чи шүлэг бичдэг юм уу гэхээр нь тийм л гэсэн. Чиний шүлэг хэвлэгдсэн байна, үзсэн үү гэв. Үгүй, хаана хэвлэгдсэн байна гэсэн чинь, "Монгол ардын хувьсгалт үндэсний соёлын зам" сэтгүүлд гарсан байна лээ.

Өндөр хоршооны доод давхарт Тарва гэж өвгөн ном сонин зардаг юм. Тэнд оч гэв. Баярлаад л гүйчихсэн. Сэтгүүл байж байна. Хуудсыг нь яаран гүйлгэлээ. Ховд. Бааст гээд "Миний нутаг" шүлэг минь ёсоороо, миний бичсэн эхээр байж байна. Баярласныг хэлээд баршгүй. Энэ шүлэг бичигдээд 74, хэвлэгдээд 70 жил болж. Урт зам шүү. Тэр цагаас хойш өдийг хүртэл зохиол бичих ажлаас өөрийгөө өчүүхэн ч чөлөөлсөнгүй. Эргээд харлаа.

Мөн чиг их цаас "идэж", мөн чиг олон үзэг харандааны "аминд" хүрч дээ, хөөрхий.

-Зохиолчдоос та хамгийн анх хэнтэй танилцсан бэ?

-Анх Ц.Уламбаярыг харсан юм. Дөчөөд он гартал Намын төв хорооноос Суртлын бригад гэж хөдөө аймгуудад гардаг байв. Гол яамд, Багшийн сургууль, Намын сургууль гээд газруудаас 45 хоногоор бригад явуулна. 1939 онд манай суманд Дотоод яамны бригад очлоо. Дарга нь Ц.Уламбаяр. Түүнийг таних биш. Асар барьчихаад, үүдэнд нь матмал сандал тавьчихна. Түүн дээр нэг их гоё цэргийн даргын хувцастай хүн суугаад л Японы тухай баахан юм ярина. Түүнийг нь ойлгож байгаа юм байхгүй.

Дараа нь хоёр хүүхэн шанзадна. Дуулна, бүжиглэнэ. Нэг зураач банди үнсэн самбар дээр гуравхан зураас татаад л дунд нь нэг нүд тавьчихаар хаанаас нь ч харсан гурван загас харагдана. Бид их гайхнаа. Тэр банди хожмын Ардын зураач Цүлтэм байсан юм билээ. Патиар авах юм боллоо. Хүмүүс айгаад, нас богиносно гээд хавирдаггүй. Би долдугаар анги төгссөн, бичиг үсэггэй, нутагтаа мундаг  хүн чинь эгч, бэргэн дүү нараа ятгасаар долуулаа зургаа авахуулав.
Маргааш нь аав, лам байгаад хар болчихсон ахтайгаа дүү Бөмбөгийг дагуулчихсан ирлээ. Тэднийхээ зургийг авахууллаа. Орой  нь бригад маиай нутгийн цаст уул Цамбагаравын тийшээ нүүлээ. Маргааш тэнд очиж, зургаа аваарай гэж байна. Хэлсэн өдөр нь очиж зургаа авлаа. Зураг үзээд нөгөө зугтаад байсан хүмүүс зургаа авахуулдаг байж гэж амаа барьж байж билээ. 1940 онд хотод өнөө бригад даргалж явсан Уламбаяртайгаа тааралдаж танилцлаа. Зохиол оролддог болчихож.

1942 оны хавар Ленин клубын үүдэн дээр далбийсан саравчтай малгайтай, хичээлийн цүнхтэй хүүхэд зогсож байна. Хараад байсан, 1937 онд Чойбалсанд сайшаагдаж байсан Чойжилын Чимид мөн байна. Очоод чи Чимид үү гээд асуусан, мань хүн мөн, чи Бааст уу гэнэ. Тэр үед нэгийгээ таньж цөхөх юмгүй. Уран зохиол оролддог нь цөөхөн. Гол уншдаг юм нь энд тэнд хэвлэгдсэн шүлэг. Тэгээд л танил болчихно. 1942 онд Дотоод яамны урдуур явж байтал хүрэн бор шинель, хавчиг малгай мөрөвчтэй суран бүс, юбка, хар савхин гуталтай, ташаандаа нагаан буу зүүчихсэн шошийсон хүүхэн зогсож байна.

Яваад очлоо. Удвал байна. Намайг ч таньж байна. 1941 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулж шүлгийн уралдаан зарлахад би "Хорин насанд чинь дуулъя" гэж шүлэг бичсэн юм. Тэр шүлэг байр эзлээд уралдаанд ирсэн шүлгүүдийг ном болгож гаргахад зурагтай минь хамт хэвлэгдсэн юм. Тэгээд хэрдээ олны танил болчихсон байж.

Цэдэнжавыг 1940 онд анх харсан юм. Намын төв хорооны нэрээр гарсан Багшийн сургуулийн бригад Увс, Ховдоор явжээ. Ховдод ирээд Дунд голын ширгэн дээр бригад буугаад үдэшлэг зохиов. Давхиад очлоо. Дуу хуур эхлэхийн урьд бор саарал дээлтэй, намхандуу нуруутай нөхөр асрын өмнө гарч ирэн, танай эргэн тойрны уул усыг магтсан шүлэг хэлье гээд нэг шүлэг уншлаа. Хэл нь ойлгогддоггүй, юу уншаад байгаа юм бүү мэд. Хажуугийн хүнээсээ энэ монгол хүн үү, ямар хэлтэй хүн ийм байдаг байна гэж асуусан чинь буриад хүн байна гэлээ.

Нэгдүгээр арван жилд ороход Цэдэнжав манай түүхийн багш байдаг байгаа.

-Та хоёр хамтарч нэлээд олон жүжиг бичсэн байх аа?

-Бух дагаж бяруу өвсөнд хүрдэг гэдэг. Цэдэнжав багштайгаа хамтарч "Мандухай сэцэн хатан", "Цогийн идэр нас", "Ийм нэгэн хаан байжээ", "Арвижихын гэр бүл" жүжгүүд бичсэн. Бөмбөгөр ногоон театрын тайзыг жүжгийн зохиолч байхгүй үед арваад жил эзгүйчилсэн". Энд миний хувьд баярлах хоёр зүйл байдаг юм. Цэдэнжав багшаа дагаж, жүжгийн зохиол бичих арга дөр мэр сэр олсон. Хоёрт, бид хоёрын жүжигт тэр үед байсан манай театрын алтан үеийнхэн ямар нэгэн их бага дүрд тоглож, бүгд оролцсон.  Тэдний дунд амьдарсан арван жил бол миний уран бүтээлийн замд тохиолдсон азтай алтан арван жил байсан.

-Зохиолчдоос уран бүтээлийн хувьд хэн хэнтэй нь хамгийн ойр дотно байсан бэ?

-Удвал, Оюун хоёртойгоо насан турш уран бүтээлийн холбоотой байсан. Манай Удвал дарга гайхамшигтай хүн байж. Хөдөө явахад нь манайд тийм жүжиг хэрэгтэй гэдэг. Үгүй гэж хэлж чадахгүй. Ирээд дуудна. Нэг удаа Өмнөговь яваад өр тавьчихаад ирж. Чи яв, тэмээчний амьдрал судал гэж байна. Хаврын хахир цагаар Ханбогд хүртэл явав. Арван гэж тэмээчнийд очлоо. Авгайг нь Хүүхэн гэнэ.

Тэр Хүүхэн гэдэг авгайд шөнөжин загнуулж хонов. Аймгийн Соёлын хэлтсийн дарга Рэнцэн гэж нөхрийг нэг А69-тэй надад гаргаж өгсөн юм. Тэмээчин айлуудаар оруулж туршлага судлуулах гэж. Замд нэг ингэ ботголчихсон байхтай таарлаа. Ойр хавьд айл амьтан байх шинж алга. Чоно элбэгшээд байгаа сураг дуулдсан. Яах ч арга байдаггүй Очих айлаа олохгүй шахам явж байдаг. Машинд багтах аргагүй. Эвий минь, хөөрхий гэж байгаад хаяад явлаа.

Дөч тавиад км давхиад айлд очсон нь тэр. Гол нь жолоочийг загнаж байна. Говийн хүн байж нялх ботгыг эхтэй нь эзгүй хээр хаялаа. Ядахдаа чамд машин арчдаг, тостой алчуур чинь байгаа биз дээ. Тэр алчуураасаа урж бензин шингээгээд ботгоны бөх, эхийнх нь зогдор дээр уячихдаг байгаа. Тэгвэл бензиний үнэрээр чоно хавьтахгүй шүү дээ. Өнөө шөнө ботгыг нь чоно идчихнэ дээ. Ийм ч жолооч байх гэж, ийм ч зохиолч байх гэж үглээд.

Малчин хүний сэтгэл тийм сайхан. Ингэж загнуулах ярих хослон хонолоо. Гэрийн эзэн Арван их гоё үг хэллээ. Нэг муу тэмээний хорго дээр мянган сайн тэмээ халтирдаг гэж.. Муугийн хор олонд, могойн цус тэнгэрт гэдэгтэй утга нэг үг. Говьд явж явж нэг тийм үг л олж ирлээ. Удвал, Оюун хоёр юутай ирэв гэж байна. Мянган тэмээтэй хүн дээр үед байсан гэнэ. Мянган тэмээг худгаас ховоодож усална гэдэг мөн бэрх ажил шүү.

Хэдэн мянган удаа худаг руу тонголзох вэ. Бас нэг сайхан үг дууллаа гэлээ. Тэгээд л гурвуулаа ажилдаа орлоо. Оюун жүжгээ үзэгдэл үзэгдлээр нь тайзан дээр өрөөд, сайн муу баатруудаа яаж дурлуулж, муудалцуулах вэ гээд л, хэдэн хүн олж аваад үзлээ дээ. Тэгээд "Мянган тэмээтийн хүү" гэж жүжигтэй боллоо. Удвал дарга, чи явж, жүжгээ тэдэнд уншуул, санаа оноог нь сонсоод болмоор бол хүлээлгэж өг гэж байна.

Өмнөговьд очоод Намын хорооны товчоо, соёлын ордныхныг цуглуулаад жүжгээ сонсголоо. Дотроо бол батлуулчих юм л бодоод байгаа юм. Тэгсэн ёстой бут ниргүүллээ. Санаа нь зөв байна, тэгэхдээ тэмээ мэдэхгүй байна, зас гэнэ. Хот руу одоо яах вэ гээд ярьтал Удвал дарга, наанаа суугаад бич, засч гүйцээхээс нааш ирж болохгүй гэдэг юм байна. Засч янзалж нэлээд юм болсны дараа жүжгийг хүлээж авлаа. Иймэрхүү маягаар Удвал дарга өөрөө ч зүгээр суудаггүй, биднийгээ ч зүгээр суулгадаггүй, хүнд үгүй гэдэггүй хүн байлаа.

-Зохиолчидтой одоо хэр ойр дотно байдаг вэ? Утга зохиолын элдэв арга хэмжээ, энэ тэрээс та их хол харагддаг?

-Хуучин бол найз нөхөд ирж очоод хөл тасардаггүй байлаа. Одоо тиймгүй болж. Уран бүтээл, зовлон жаргалаа хуваалцах хүн ч алга, үерхэх ч хүн алга. Ер нь нас насаараа байдаг юм байна. Миний үе насныхан бүгд алга боллоо. Ном унших, бичих хоёроор цагийг түлхэж сууна. Манайд ирдэг нь Зандраабайдий, сэтгүүлч Баатарчулуун хоёр. Утга зохиолын аливаа арга хэмжээ, ер нь юм юман дээр ихээхэн гадуурхагддаг, шоовдорлогддог хүн байгаа юм, би.

Нэр минь ядахдаа хавчуулагдмаар толь бичгүүд, зохиолчдын зураг дунд зураг минь байгууштай газар ер байдаггүй юм. Аливаа урилга, заллага, уулзалт үдэшлэг хаа юу болно, тэр бүгд надаас холуур өнгөрнө. Амьдаараа ертөнцөөс гээгдэх гээч нь энэ юм биз. Заримдаа ч тийм юманд оролцдоггүйдээ баярладаг юм. Цас, нас хоёрт хавчигдаж суухад яршиг ч юм шиг.  

-Ta шавьтай юу?

-Архангайд О.Цэнд гэж гайхалтай сайхан зохиолч байсан. Хөөрхий, бас л сархдаас болоод нас барсан даа. "Хусан дээр ургасан хуш", "Эгийн саарал"-ыг нь уншигчид андахгүй. Түүнийгээ том зохиолч гэж үнэлэхийг тээр жил Румынд явж байхдаа сонсож бахархаж байлаа. Н.Энхбаярын англи, орос хэлээр орчуулсан О.Цэндийн "Маш нууц" үгүүллэг шиг санаж байна. Тэр үгүүллэгийг румынчууд магтаад л, хэлэх үгээ олж ядаж байж билээ.



-Таныг зохиолчид дотроо хамгийн их уншдаг, хаа хамаагүй юмыг ч мэдчихсэн явдаг, урт чихтэй сонин хүн гэдэг. Эрдэнэ, Чимид, тэр байтугай Удвал даргаас хүртэл юм асуухаар зарим үед нь наадахыг чинь мэдэхгүй юм байна. Бааст л мэдвэл мэдэж байгаа, түүнээс асуу гэдэг байсан гэсэн яриа байдаг?



-Унших гэдэг миний жаргал. Уншихгүйгээр байж огт чадахгүй. Зохиолч хүнд бүхнийг унших, мэдэх зав байхгүй л дээ. Бүгдийг мэднэ гээд явбал хэзээ бичих билээ. Гэхдээ л урт чихтэй байлгүй болохгүй. Юм бүхнийг ултай, гүн мэдэх албагүй ч хамгийн наад захын жижиг сажиг зүйлийн тухай сонссон, мэдсэн байх хэрэгтэй. Том зохиолчид том том зүйлийг шилж уншдаг л байх. Би бол жижиг юм унших дуртай. Жижиг юман дотор их чимхлүүр нарийн юм оршдог. Эрдэм мэдлэгийг үр үрээр нь цуглуулдаг гэдэг биз дээ.

Ихээхэн хосгүй том юмны үр хөрөнгө эгэл жирийн юман дотор оршдог. Ингээд бодоход уншихад цаг хайрлаж болохгүй. Дараа уншина гэж хойш тавьж болохгүй. Тэгвэл нэг л мэдэхэд унших юмандаа дарагдчихна. Өнөө хурж цугласан их юмыг уншихаас зүрх үхнэ. Ингээд л мэдлэгээс сугарч үлдэнэ. Манай мэдлэг тааруу зарим аваргууд сонин, зурагт энэ тэрд ярилцлага өгөх юм. Тэгэхдээ бүхнийг мэдэгч царайлаад хаа хамаагүй холоос их том том үг сургаалаас ишлэл авч байх.

 Ярилцсан : Ж.Баяраа