
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /BBC/. Их Британийн Бедфорд хотод барих гэж буй Юниверсал паркт Жеймс Бонд, Паддингтон, Бөгжний эзэн зэрэг киноны ертөнцийг байгуулахаар төлөвлөж байгаа тухай “Universal UK” төслийн ойрын эх сурвалж BBC телевизэд мэдээлжээ. Харин Харри Поттертой холбоотой тоглоом, үзмэрүүдийг уг паркт байрлуулахгүй гэнэ.
“Universal Destinations” компанийн цахим хуудсанд мэдэгдсэнээр, шинэ паркт ямар үзмэрүүд байх талаар мэдээлэл өгөхөд эрт байгаа ажээ. Бедфордшир гүнлэг дэх барилгын төлөвлөлтийн талаар холбогдох зөвшөөрлийг олгосон тохиолдолд барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх төлөвтэй байна.
Хэдийгээр дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт эх сурвалж итгэлтэй байгаа боловч уг парк 2031 оноос нааш үүдээ нээх төлөвгүй байгаа тул зарим төлөвлөгөө өөрчлөгдөх магадгүй юм. “Universal Destinations and Experiences” компани уг паркт жилд 8.5 сая хүн зочилно гэж тооцоолжээ. Соёлын сайд Лиза Нанди BBC-д ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, энэхүү парк бол “Их Британийн агуу бүтээлүүдийг дэлхий дахинд гайхуулах боломж” гэдгийг онцлоод "бидэнд бахархах зүйл маш их бий" гэлээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
МАН дуурайгаад түүх гуйвуулсан Сүхбаатар, Тэмцэл, Өглөө зэрэг киногоороо парк байгуулж тэнэгтэх вий.