
ВАТИКАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /Reuters/. Пап лам Францис лхагва гаргийн үдээс хойш Их Британийн хаан Чарльз, хатан Камилла нартай урьдчилан зарлаагүй уулзалт хийсэн гэж Букингемийн ордон болон Ватиканы хэвлэлийн алба мэдэгджээ. Хаан, хатан хоёр Италид төрийн айлчлал хийж байгаа юм.
Чарльз, Камилла нар Ватиканд албан ёсны айлчлал хийх байсан боловч пап хоёр уушгиндаа хатгаа туссаны дараа эмч нар түүнд хоёр сар амрахыг зөвлөсөн тул айлчлалаа хойшлуулаад байв.
Пап лам хааны гэр бүлтэй ганцаарчлан уулзаж, лхагва гарагт тохиосон тэдний хуримын 20 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, сайн сайхныг ерөөсөн гэж Ватиканы мэдэгдэлд дурджээ.
Букингемийн ордноос мэдэгдэхдээ, Чарльз, Камилла нар “биднийг Пап лам хүлээн авсан бөгөөд түүнд сайн сайхан ерөөлийг биечлэн дэвшүүлэх боломж олдсонд баяртай байна” гэв.
1534 онд Католик сүмээс салан тусгаарласан Английн сүмийг Их Британийн хаан тэргүүлдэг юм. Францис, Чарльз нар Чарльзыг хаан сэнтийд залрахаас өмнө 2017, 2019 онд хоёр удаа уулзаж байжээ. Харин талийгаач хатан хаан II Елизабет 2014 онд Ватиканд Францистай уулзаж байв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0