
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /Yonhap/. Өмнөд Солонгост ирэх зургаадугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Ардчилсан намын /АН/ дарга асан Ли Жэ Мён өнөөдөр мэдэгджээ. Тэрбээр "ард түмэндээ үйлчлэх хамгийн шилдэг хүч хэрэгсэл болж чадна" гэдгээ амласан байна.
Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг огцруулсны дараа зургаадугаар сарын 3-нд явуулахаар товлоод буй сонгуульд өрсөлдөх гол нэр дэвшигч гэгдэж байсан Ли Жэ Мён намын даргаас огцорсон даруйдаа дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“Би улс орноо зөвхөн Бүгд Найрамдах Солонгос Улс гэсэн нэртэй улс байлгахыг хүсэхгүй байна, харин жинхэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсыг байгуулахад хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Ард түмний байгуулсан ийм Солонгосыг бүтээх үйл хэрэгт би ард иргэдээ төлөөлсөн шилдэг хүч хэрэгсэл байж чадна хэмээн найдаж байна” гэж Ли Жэ Мён 10 минут үргэлжилсэн дүрс бичлэгийн үеэр мэдэгджээ.
Тэрбээр эдийн засгийн туйлшралыг тус улсын нийгмийн зөрчилдөөний үндсэн шалтгаан гэж тодорхойлоод, томоохон хөрөнгө оруулалтаар эдийн засгийн өсөлтийг сэргээхийн зэрэгцээ иргэдийн амьжиргааг сайжруулахад хувь нэмрээ оруулахаа амласан байна. Мөн үндэсний эрх ашгийг дээдэлсэн гадаад бодлого хэрэгжүүлнэ гэдгээ амлаж, Өмнөд Солонгос, АНУ-ын эвсэл, мөн Япон улсыг оролцуулсан гурван талт хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолжээ.
Ли Жэ Мён ирэх баасан гарагт Үндэсний Ассемблейд хэвлэлийн бага хурал хийж, улс орныхоо төлөөх алсын хараатай бодлогоо танилцуулж, сонгуулийн кампанит ажилд оролцох хүмүүсийг зарлана гэж албаныхан мэдээлсэн байна. Тэрбээр Сөүлийн өмнөд хэсэгт орших Соннам хотын бүтээн байгуулалттай холбоотой дуулиан зэрэг хэд хэдэн дуулианд холбогдоод байгаа хэдий ч олон нийтийн дунд явуулсан санал асуулгыг тэргүүлж байна.
Тэрбээр 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сог Ёльд тун бага саналын зөрүүгээр ялагдсан юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Солонгосын залуучуудын амьдрал их хүнд байна. Солонгосын залуучууд архичин болж байна
ene nam ni erenhiilegch ee ynagaj haychihaad ersdelne geb yy?.................