.jpeg)
МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 10 /РИА Новости/. Францын “Пари Сен-Жермен” баг өчигдөр Парис хотноо болсон Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтод Английн “Астон Вилла”-г 3:1-ээр хожлоо.
Энэ тоглолтод ПСЖ-ий Дезире Дуэ (39 дахь минут), Хвича Кварацхелия (49), Нуну Мендеш (90+2) нар, зочин багаас Морган Роджерс (35) гоол оруулсан байна.
Ингэснээр Дуэ 20 нас хүрэхээсээ өмнө Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтод гоол оруулсан Францын гуравдахь хөлбөмбөгчин боллоо. Өмнө нь ПСЖ-ий довтлогч байсан К.Мбаппе, одоо тус клубт тоглож буй Усман Дембеле нар ийм амжилт үзүүлж байв.
Хариу тоглолт 15-ны өдөр Английн Бирмингем хотод болно.
Шөвгийн наймын өөр нэгэн тоглолт мөн өчигдөр Каталоны нийслэлд болж, “Барселона” баг Дортмундын “Боруссиа”-г 4:0 харьцаагаар бутниргэлээ.
Рафинья (25 дахь минут), Ламин Ямал (77) нар тус бүр нэг гоол оруулсан бол Роберт Левандовски дубль (48; 66) хийсэн байна.
Ингэснээр Рафинья Аваргуудын лигийн энэ улирлын тэмцээнд 12 дахь гоолоо оруулсан бол 2011/12 оны улиралд 14 бөмбөг оруулсан Лионел Месси уг үзүүлэлтээр рекорд амжилтыг эзэмшдэг ажээ.
Мөн Левандовски Аваргуудын лигийн тэмцээний түүхэнд гурван өөр багийн бүрэлдэхүүнд тоглохдоо нэг тэмцээнд 10 гоол оруулсан анхны хөлбөмбөгчин болжээ. Тэрбээр өмнө нь “Боруссиа”, “Бавариа” багуудад тоглож байхдаа ийм амжилт үзүүлсэн юм. Польшийн шигшээгийн довтлогч Левандовски энэ улиралд 45 тоглолтод оролцохдоо 40 гоол оруулаад байна.
Түүнчлэн “Барселона”-гийн Пау Кубарси /18 жил 77 хоногтой/ Аваргуудын лигийн тэмцээний түүхэнд оновчтой дамжуулалт хийсэн хамгийн залуу хамгаалагчаар тодорлоо. Өмнө нь 2004 оны 10 дугаар сард Бельгийн “Андерлехт” клубийн хөлбөмбөгчин Венсан Компани /18 жил 193 хоног/ гоолын дамжуулалт хийж байжээ.
Хариу тоглолт 16-нд шилжих шөнө Дортмунд хотод болно.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл0