
ШАНХАЙ, 2025 оны дөрөвдүгээр сарын 23 /CGTN/. Шанхайн олон улсын автомашины үйлдвэрлэлийн 21 дэх удаагийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Дэлхийн авто машин үйлдвэрлэгчид шинэ загваруудаа Шанхай хот дахь Үндэсний үзэсгэлэнгийн төвийн нийт 360 мянган хав.дөр.м талбай бүхий найман танхимд үзүүлж байна. Харин нийт 100 мянган хав.дөр.м талбай бүхий дөрвөн танхимыг технологийн салбар болон нийлүүлэлтийн сүлжээний үзэсгэлэнд зориулжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй шинэ загварын авто машиныг танилцуулах төлөвтэй байна. Герман, Америк, Японы нэр хүндтэй брэндүүдээс гадна Хятадын авто машин үйлдвэрлэгчид шинэ загвараа танилцуулах юм.
Тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд дэлхийн 26 улс, бүс нутгаас 1000 гаруй компани оролцож байна. Үйлдвэрлэгчид зочдын анхаарлыг татахын тулд робот, жолоочгүй нисдэг авто машин, өөрөө явагч дугуйтай караоке төхөөрөмж зэрэг шинэлэг шийдлүүдийг танилцуулж байна.
Үзэсгэлэнд зочлогсод Audi, Bentley, BMW, Cadillac, Mazda, Nissan, Mercedes-Benz, Ford, Honda, Porsche, Toyota, Volkswagen, Volvo зэрэг дэлхийд алдартай брэндүүдийн шинэ загваруудыг уламжлал ёсоор үзэж сонирхох боломжтой.
Тэдэнтэй зэрэгцэн BYD, Exeed, Li Auto, Hongqi, Xiaomi, XPeng, Zeekr зэрэг Хятадын авто машины брэндүүд өрсөлдөж байна. Хятад улс бол дэлхийн хамгийн том авто машины зах зээл бөгөөд өдгөө авто машины томоохон үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж, ногоон болон ухаалаг машины технологийн чиг хандлагыг тодорхойлж эхлээд байгаа юм. Хоёр жил тутамд болдог Шанхайн автомашин үйлдвэрлэлийн салбарын үзэсгэлэнг 1985 оноос зохион байгуулж эхэлжээ. Энэ удаагийн үзэсгэлэнг 1.3 сая хүн үзнэ гэж зохион байгуулагчид тооцоолсон байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
ХЯТАД МАШИНЫ ҮНЭН ТӨРХИЙГ ҮЗ ОРКУУДАА. https://www.facebook.com/knowingchinatoday/videos/403657345504480