sonin.mn

Энэ жилийн эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг Роберт Э.Холл (Robert E.Hall) болон Майкл Вүүд форд (Michael Woodford) нар макро тогтворжуулалтын микро эдийн засгийн үндсийг тодорхойлсон судалгаагаараа хүртэн, эл судалгаа нь эдийн засгийн онолын түвшнийг гүнзгийрүүлэн ахиулахад ихээхэн ач тустай болсон нь маргаангүй. Гэсэн хэдий ч эдийн засгийн онол, судалгааны хүрээнд бүрэн шийдэгдээгүй, академик болон бодлого боловсруулалтын түвшинд хариулт хүлээж буй тулгамдсан олон чухал асуудал байна. Зарим нэгээс нь дурдъя.


1. Технологийн дэвшил нь шинэ төрлийн ажлын байрыг нэмэгдүүлснээрээ, урт хугацаанд цалинг өсгөдөг гэж уламжлалт эдийн засгийн онолд үздэг. Гэвч хиймэл оюун (AI)-ы хурд, далайц нь шинэ ажлын байр бий болохоос илүү хурдацтай байгаа тул бүтээмжийн өсөлт, ажил эрхлэлтийн хамаарлыг шинээр тодорхойлох шаардлага гарч байна.


2. Уламжлалт эдийн засгийн онолууд (тухайлбал Кузнецийн муруй) эдийн засаг хөгжихийн хэрээр тэгш бус байдал буурна гэж таамагладаг. 



Гэвч бодит байдалд баялгийн бөөгнөрөл, төвлөрөл улам ихсэж, хөгжингүй болон хөгжиж буй орнуудад баялгийн ба орлогын хуваарилалтын зөрүү туйлширч байгаа нь татварын бодлого, хөрөнгө оруулалтын өгөөж болон цалингийн ялгааг хэрхэн зохицуулах вэ гэдэг шинэ модель загварыг шаардах болов.



3. Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны эдийн засгийн хүрээнд экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зардлыг зах зээлийн механизмаар хэрхэн зөв үнэлэх нь асуудал болжээ. Байгалийн баялаг, цэвэр агаар бол “гадаад дайвар нөлөөлөл” (externalities) тул зах зээлийн үнэд шууд тусгагддаггүй явж ирсэн учраас “тогтвортой хөгжил”-ийн эдийн засгийн шинэ хэмжүүр нэн шаардлагатай байна.


4. Төвбанкуудын Мөнгөний бодлогын хязгаарлагдмал байдал ба инфляцын мөн чанар: Хүүгийн хэмжээ “0”, эсвэл сөрөг болох, мөнгөний уламжлалт бус тэлэх бодлого (QE) хэрэгжүүлэх, нийлүүлэлтийн шокоос үүдэлтэй инфляцыг мөнгөний бодлогоор зохицуулах боломж хязгаарлагдмал болжээ. Фридманы “Инфляц бол үргэлж мөнгөний үзэгдэл” гэх сонгодог онол нь геополитикийн хямрал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон цар тахлын дараах нөхцөл байдалд бүрэн тайлбар өгч чадахгүй байна. Инфляцын мөн чанар, мөнгөний бодлогын лимитийг судлах, судалгааны шинэ арга хэрэгсэл, шийдэл эрэлхийлэх нь Төвбанкуудын “толгойны өвчин” боллоо.


5. Гео-эдийн засаг ба даяарчлалын ухралтыг (Deglobalization) хараахан тайлбарлаж чадахгүй байна. Дэлхийн худалдаа чөлөөт зах зээлийн зарчмаас илүүтэй геополитик, үндэсний аюулгүй байдал, улс төрийн эвсэлд (Friend-shoring, Reshoring) тулгуурлах боллоо. Бидний шүтэж ирсэн Рикардогийн “харьцангуй давуу талын онол”-д үндэслэсэн чөлөөт худалдааны модель задарч байна. Протекционизм болон технологийн дайн газар авч буй энэ үед дэлхийн худалдааны шинэ дэг журам, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг тооцоолох шинэ онол хэрэгтэй болов.


6. Төвбанкны дижитал валют (CBDC), крипто хөрөнгө ба приват токенууд нь уламжлалт банкны систем болон фиат мөнгөний үүрэг, сувгийг өөрчилж эхэлсэн. Улс орнуудын Төвбанк мөнгөний нийлүүлэлтийг хянах монопол онц эрхээ алдах эрсдэлтэй тулгарлаа. Энэ нь мөнгөний бодлогын дамжуулах сүлжээ механизмыг хэрхэн өөрчлөх, санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хадгалах тухай асуултыг дэвшүүлсэн байна.


7. Хүн амын насжилт ба Демографийн шок хойшлуулшгүй асуудал болсон. Дэлхий даяар, ялангуяа өндөр хөгжилтэй болон дундаж орлоготой орнуудад төрөлт бууран, ажиллах хүч цөөрч, хүн амын насжилт хурдацтай явагдаж буй энэ нөхцөлд өнөөгийн нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоо болон эрүүл мэндийн салбар ч, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах хүчин зүйлс байх, эсэхийг онолын түвшинд хараахан тодорхойлж чадахгүй байна.


8. Монопол ба технологийн гигантуудын (Big Tech-Google, Apple, Microsoft, Amazon гэх мэт) зах зээлийн давамгайлал уламжлалт монополоос өөр байдлаар (өгөгдөл дээр тулгуурлан) зах зээлийг хяналтдаа авч байна. Дата болон өрсөлдөөнийг боомилдог дижитал платформыг хэрхэх ёстойг ойлгоход хүндрэлтэй болсон.


9. “Homo Economicus” буюу хүн үргэлж рациональ (оновчтой) шийдвэр гаргадаг гэх онолын суурь орвонгоороо эргэж байна. Зан үйл хөдлөлийн эдийн засаг нь (Behavioral Economics) хүмүүс сэтгэл хөдлөл, нийгмийн нөлөө, алгоритмын санал болгож буй сонголтын тулгалтад автдаг болохыг нотолсон. Одоогийн макро ба микро эдийн засгийн загваруудад иррациональ шийдвэр гаргалтыг математик тооцоололд хэрхэн оновчтой тусгах вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.


10. Өрийн дарамт ба төсвийн тогтвортой байдал мөн л асуулт дагуулсаар. Дэлхийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн өрийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх замаар эдийн засгийг дэмжих Кейнсийн ба Орчин үеийн мөнгөний бодлогын онол (MMT-Modern Monetary Theory) хоёрын зааг дээр маргаан үргэлжилж байна.



Засгийн газруудад дефолт зарлахгүйгээр асар их өрийг хэрхэн удирдаж, ирээдүй үедээ дарамт болохгүй байх вэ гэдэг нь том сорилт юм.



Товчхондоо, эдгээр 10 асуудлыг өнгөрсөн зууны “Тоо ба эконометрик загварчлал” суурьтай эдийн засгийн онол биш, харин технологи, квант, социологи, сэтгэл зүй, геополитик болон байгаль орчны зэрэг шинжлэх ухааны олон төрөл нягт уялдан сүлэлдэж байж л шийдэж магадгүй юм. Неоклассик эдийн засгийн ухааны Декарт-Ньютоны механик үзэлд суурилсан атомистик(atomistic) ба шугаман загварчлалын хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Нөгөө талаас дээрх асуудлуудын шийдлийг юун түрүүнд политэкономийн хүрээнд эрэлхийлбэл үр дүнтэй байж болзошгүй хэдий ч онол, арга зүйн хувьд нааштай зүйл одоохондоо харагдахгүй байна.


Дээр дурдсан, онол арга зүйн хувьд шийдэл хүлээж буй асуудлууд нь тус тусдаа, салангид үзэгдлүүд биш, харин орчин үеийн нийгэм-эдийн засгийн цогц, нарийн төвөгтэй систем (Complex Adaptive System)-ийн харилцан хамааралтайг илэрхийлсэн феноменууд гэлтэй.



Эдгээр асуудлыг тус тусад нь, салангид байдлаар судалж, тодорхой шийдэл хайж болох хэдий ч дэндүү олон бөгөөд нэн чухал хүчин зүйлсийг constant болгон тооцох ёстой болно.



Асуудалд цогц, системийн арга зүйн шийдэл хайх (Systemic Methodology) шаардлагатай. Харилцан хамаарал, уялдаа холбоонд нь, цогцоор шийдэх гэсэн оролдлогын хүрээнд эдийн засгийн ухаан болон бусад шинжлэх ухааны зааг, огтолцол дээр судалгааны шинэ арга зүй, аргачлал бий болж байна. Эдгээрээс заримыг дурдъя.


1. Системийн динамикба Нийлмэл сүлжээний онол (System Dynamics & Complex Network Theory). Уламжлалт эдийн засаг асуудлыг тус тусад нь задалж, шугаман хамаарлаар авч үзэж ирсэн бол энэ арга зүй нь систем бүхэлдээ хэрхэн ажилладгийг судалдаг бөгөөд эдийн засгийг өөр хоорондоо уялдан холбогдсон “сүлжээ” (nodes and links) гэж үзэн, нэг талд үүссэн шок(жишээ нь, Big Tech-ийн дата монопол) өөр салбарт (жишээ нь, хөдөлмөрийн зах зээл) хэрхэн нөлөөлөхийг математик болон компьютерын симуляцаар (Agent-Based Modeling) тооцоолдог. Өөрөөр хэлбэл, бодлогын нэг шийдвэр бусад салбарт ямар давхар дайвар нөлөө (feedback loops) үзүүлэхийг урьдчилан таамаглах боломж олгодог юм.


2. Доннат эдийн засаг ба хязгаартай системийн хослол (Doughnut Economics Methodology): Оксфордын эдийн засагч Кейт Раворт (Kate Raworth)-ын боловсруулсан энэхүү арга зүй эдийн засгийг экологийн болон нийгмийн лимитийн хязгаар дотор авч үздэг бөгөөд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт манай дэлхийн даацаас хэтрэхгүй байх хязгаарыг экологийн тааз (Ecological Ceiling); орлогын тэгш бус байдал, эрүүл мэнд, боловсрол, ажил эрхлэлтийн доод хэрэгцээг хангасан байх түвшнийг нийгмийн суурь (Social Foundation) гэсэн хоёр хязгаар тогтоожээ. Энэ бол ДНБ-ийг эдийн засгийн цорын ганц хэмжүүр болгохоос татгалзаж, баялгийн тэгш хуваарилалт, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт зэргийг нэгдсэн нэг загварт зангидан судлах гэж оролдож буй арга зүй юм.


3. Эрхэм зорилго (Mission)-баримжаалсан буюу төр, хувийн хэвшлийн стратегийн түншлэлийг онцолсон онол. Сүүлийн жилүүдэд багагүй тодорч буй эдийн засагч Мариана Маззукато (Mariana Mazzucato)-гийн дэвшүүлсэн энэ арга зүй нь “зах зээл бүтэлгүйтэхэд засах” биш, харин төр-хувийн хэвшил “зах зээлийг хамтдаа чиглүүлж бүтээх” зарчмыг санал болгодог юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран, тодорхой “Эрхэм зорилго” (Mission) дэвшүүлэн тавина.



Жишээ нь, “2035 он гэхэд AI-д тулгуурласан, цахилгаан эрчим хүч, шатахуун түлшний хараат бус байдлаа бүрэн хангасан, динамик эдийн засагтай болох” Үүний тулд дэд бүтцийн санхүүжилт, технологийн хөгжил, ногоон шилжилт болон монополыг зохицуулах бодлогуудыг нэг стратегийн доор нэгтгэн чиглүүлэх нь зүйтэй бөгөөд амжилтад хүрсэн бэлэн практик байгаа гэж үздэг.



4. Зан үйл хөдлөлийн ба эдийн засгийн дижитал архитектур (Behavioral & Institutional Economics with AI) гэсэн нэг шинэ чиглэл гарч ирсэн байна. Эдийн засгийн агентууд (хүмүүс, компаниуд) үргэлж оновчтой шийдвэр гаргадаггүй гэдэгт тулгуурлан, институц болон технологийн орчноор дамжуулан шийдвэрийг чиглүүлэх боломжтой. Үүний тулд Big Data болон AI ашиглан иргэдийн бодит зан төлөвт тулгуурласан “Nudge” (дэмжих/түлхэх) институцийн механизмыг дижитал хэлбэрээр байгуулах санал дэвшүүлж байна. Энэ нөхцөлд жишээ нь, мөнгөний бодлогын дамжуулах механизмаас эхлээд дижитал валют болон зан төлөвийн гажигтай холбоотой асуудлуудад хүмүүсийн бодит шийдвэр гаргалтыг харгалзан дагалдуулж, тохируулга хийх зэрэг шинэлэг симуляц загваруудыг дэвшүүлсэн байдаг.


5. Поли-Перма хямрал ба Гео-стратегийн нэгдмэл загварчлалын (Poly-Perma crisis Modeling) хүрээнд олон талт хямралыг (цар тахал, дайн, технологийн шок, инфляц) тус тусад нь биш, нэг цаг хугацаанд зангидан шинжлэх концепцийг дэвшүүлжээ. Геополитик, эдийн засаг, демограф болон технологийн эрсдэлүүдийг хамтад нь тооцдог сценари төлөвлөлтийн (Scenario Planning) шинэ математикаргуудыг хөгжүүлэх, тухайлбал, гео-эдийн засгийн задрал, өрийн тогтвортой байдал, нийлүүлэлтийн сүлжээ болон хүн ам зүйн шокийг нэгдмэл эрсдэлийн менежментээр удирдах боломжийг эрэлхийлнэ.


6. Тоон үзүүлэлтийн хэмжүүрийг шинэчлэх концепц нь (Beyond GDP Metrics) уламжлалт макро эдийн засгийн хэмжүүрүүдийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Хэмжиж чадахгүй зүйлийг удирдаж чадахгүй учраас ДНБ (GDP)-ээс гадна Байгалийн капитал (Natural Capital), Нийгмийн капитал (Social Capital), ба Хүний капитал (Human Capital)-ыг хамтад нь нэгтгэсэн Баялгийн нэгдсэн баланс (Inclusive Wealth Index)-ыг ашиглах тухай санал дэвшүүлж байна. Энэ талаасаа баялгийн тэгш бус байдал, байгаль орчны үнэлгээ, үнэ цэн болон ажиллах хүчний шилжилтийг статистикийн түвшинд нэгдмэл байдлаар тооцон үнэлэх боломжийг эрэлхийлсэн концепц юм.


Дээр дурдсан концепцууд нь дөнгөж үүсэл, эхлэлийн шатандаа яваа гэдгийг тэмдэглэх ёстой бөгөөд онол арга зүйн хувьд бүрэн боловсорч амжаагүй байна. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний өмнө, эдийн засгийн онол судалгааны түвшинд хурцаар тавигдаж буй асуудлуудыг салбар дундын уялдааг хангах, статик бус динамик, магадгүй энтропи гэж авч үзэх ёстойг хүлээн зөвшөөрч буйн илрэл юм. Шинжлэх ухаан, технологи ба нийгмийн асар хурдтай өөрчлөлттэй хөл нийлүүлэхүйц дижитал ба алгоритмд суурилсан, уян хатан зохицуулалтыг эрэлхийлсэн алхмуудын эхлэл мөн билээ.


Үргэлжлэл бий.


Ринчиннямын Амаржаргал