ТОКИО, 2026 оны аравдугаар сарын 20 /Kyodo/. Ангараг гарагийн дагуулаас чулуулаг, элс зэрэг дээж цуглуулан дэлхийд авчрах дэлхийд анхны даалгаврыг гүйтгэх сансрын төхөөрөмжийг мягмар гарагт амжилттай хөөргөснөө Японы сансар судлалын агентлаг /JAXA/ мэдэгджээ.
Ангараг гаргийн дагуулуудыг судлах "Martian Moons Exploration" /MMX/ хөтөлбөрийн хүрээнд хөөргөсөн уг төхөөрөмж H3 пуужингийн 10 дахь нислэгийн үеэр пуужингаас амжилттай салж, урьдаас тогтоосон тойрог замд орсон гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Ангараг гаргийн хоёр дагуулын том нь болох Фобосоос дээж цуглуулах төхөөрөмжийг Японы баруун өмнөд нутгийн Танэгашима арал дахь ижил нэртэй сансрын төвөөс өглөөний 04:41 цагт H3 пуужингаар хөөргөжээ. Фобос нь Ангарагийн гадаргуугаас ойролцоогоор 6000 км өндөрт тойрон эргэдэг, 20-30 км орчим диаметртэй ажээ. Цуглуулсан дээжийг 2031 оны долоодугаар сард дэлхийд авчрахаар төлөвлөж байна.
Уг төхөөрөмжийг анх 2024 онд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч 2023 онд H3 пуужингийн анхны нислэг амжилтгүй болсны улмаас хойшлуулжээ. MMX нь Ангараг гаргийн дагуулуудын үүслийг судлах, сансар судлалын ирээдүйн даалгавруудад шаардлагатай технологийг хөгжүүлэх зорилготой олон улсын хамтарсан төсөл юм.
4480 кг жинтэй уг төхөөрөмж нь Ангараг руу аялах, Фобосыг судлах, дэлхий рүү буцах зориулалт бүхий гурван модулиас бүрдэнэ. Мөн газардах дөрвөн тулгууртай, 5.3 орчим метр өндөр бөгөөд нарны зайн хавтангуудыг дэлгэсэн үед есөн метр орчим өргөнтэй ажээ.
Энэхүү төхөөрөмжийг хөөргөсөн H3 пуужингийн 10 дахь нислэгт хоёр үндсэн хөдөлгүүр, дөрвөн нэмэлт хурдасгуур бүхий хамгийн өндөр түлхэх хүчтэй хувилбарыг ашиглажээ.
Төлөвлөгөөний дагуу сансрын төхөөрөмж 2027 оны наймдугаар сард Ангараг гаргийн тойрог замд хүрнэ. Үүний дараа Франц, Германы мэргэлжтнүүдийн хамтран зохион бүтээсэн өөрөө явагч судалгааны төхөөрөмжийг Фобосын гадаргуу дээр буулгах бөгөөд дараа нь үндсэн төхөөрөмжийг уг дагуул дээр хоёр удаа буулгахаар төлөвлөсөн байна. Үүний дараа сансрын төхөөрөмж Ангараг гаргийн нөгөө дагуул болох Деймосыг ажиглах ба 2030 оны 11 дүгээр сард Ангарагийн тойрог замаас гарч, дэлхий рүү буцах аяллаа эхлүүлнэ. Дэлхийд ойртон ирэх үедээ цуглуулсан дээжүүд бүхий тусгай капсулыг буулгах ажээ.
Л.Буянаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл0