Ардчилсан намаас пүрэв гараг бүр зохион байгуулдаг “4.11" хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр: "Өнөөдрийн Засгийн газрын өргөн барьсан төслийг харахаар тэсрэх бөмбөг шиг болсон байна. Монгол Улсын төсөв хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болсон байна. Хэзээ гал авалцаж, дэлбэрэх бол? Гол нь энэ тэсрэх бөмбөгт өртөх хүмүүс нь Монголчууд болчихоод байна. Яг үнэндээ орлогоороо амьдрах боломж Монголчуудын 60–70 хувьд нь алга болсон. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр лууван, манжингийн үнэ дахиад 15–20 хувиар нэмэгдсэн байна. Яг энэ үнийн дарамтад байгаа Монголчуудын төлөө Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Их Хурал юу хийж чадах вэ гэдэг асуултад зайлшгүй хариулах цаг нь болсон байна. Хариулт өгөхөөс өөр аргагүй болсон. Тийм учраас Оюу толгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй. Энэ авсан мөнгөө Монголчуудад өгөх хэрэгтэй. Монголчуудын амьжиргааг ямар нэгэн байдлаар баталгаажуулахгүйгээр, хүмүүсийн амьдралыг авч гарахгүй бол цаашид юм ярихад их хэцүү болж байна. Өлсөж байна, даарч байна. Наад зах нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 3,000 төгрөг байгаа. Тэгэхэд 3,000 төгрөгөөр бид юу авч идэж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй.
УИХ-ын гишүүд бид нар ордны гуанзанд хоол иддэг. Нэг удаа хоол идэхэд 25,000 төгрөг болж байна. Юу хэлж байна вэ гэхээр ард түмнээ бид хагас өлсгөлөн байдал руу түлхсэн. Сургуулийн үдийн цай бага ангийн хүүхдүүдэд ногдож байна. Бага ангийн хүүхэд дунд ангийн ах, эгчтэйгээ олдсон нэг ширхэг боорцгоо хувааж идэж байна.
Нөхцөл байдал ингэж хүндэрсэн тул яаралтай ард түмнээ мөнгөжүүлэхгүй бол амьдарч чадахгүй нь гэдэг зүйл маш тодорхой байна. Энэ бол зөвхөн Монголын жишээ биш шүү. Дэлхий даяар энэ тал дээр анхаарч байна. Жишээ нь, Японы Засгийн газар хүнсний бүтээгдэхүүний нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэх арга хэмжээ авсан бол уржигдар Илон Маск мэдэгдэл гаргаж, SpaceX компанийн хувьцааг АНУ-ын хүүхэд бүрд өгнө гэсэн. АНУ-ын Ерөнхийлөгч иргэн бүрд 5,000 ам.доллар олгох тухай мэдэгдсэн байна. Улс орон бүр иргэдийнхээ амьжиргааг хамгаалж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам эрэлхийлж байна. Бидэнд байгаа арга юу вэ гэвэл уул уурхайн компаниудын ашиг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үед орж ирж байгаа илүү орлогыг ард түмэндээ өгч байж энэ үнийн өсөлтийг даван гарна.
Нэг хэцүү зүйл нь парламентын гишүүдийн орлого их өндөр, Засгийн газрын гишүүд нь бүр аймар баян. Ард түмнийхээ амьдралыг ерөөсөө ойлгохгүй байна. Хүмүүс хоолоо яаж авч идэж байгааг харахыг хүсэхгүй байна. Одоо хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хэд вэ гэдгийг мэдэхгүй байна. Энэ янзаараа иргэдийн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр дахиад нэг жил явбал хог түүдэг хүний тоо хэдэн арав дахин нэмэгдэнэ.
Тиймээс би УИХ-ын гишүүний хувьд Оюу толгойн ногдол ашиг болон хувьцааг ард иргэдэд өгөх хоёр тогтоол санаачилсан. D-Parliament сайтад байршуулсан тогтоолыг иргэд дэмжээд саналаа өгөх гэхээр алдаа зааж, хакерт өртөж байна. Энэ асуудлаар би холбогдох байгууллагуудад хандана. Монголчуудыг ядуу байлгах МАН-ын бодлого асар хүчтэй юм байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Тиймээс Оюу толгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авч, мөнгөө иргэдэд зарцуулах хэрэгтэй.
Монголчуудын амьжиргааг ямар нэгэн хэлбэрээр баталгаажуулахгүй бол цаашдаа байдал улам хүндэрнэ. Тиймээс Монгол Улсын парламент нэг зүг рүү харж, ногдол ашгаар төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдгийг зогсоох хэрэгтэй.
Дайн дажинтай байгаа хойд хөршийн төсвийн алдагдал нь энх тайван байгаа Монгол Улсын төсвийн алдагдалтай яг адилхан байна. Юу хэлж байна вэ гэвэл дарга нарын цамаан зардал, үрэлгэн байдал хүчтэй байгааг л хэлж байна. Ерөнхий сайд болон Засгийн газарт нь хандаж: Ухаараач ээ! Бодит байдалтайгаа нүүр тулаач ээ! Ирээдүй Монголыг сүйтгэж байгаа үйл ажиллагаагаа зогсоогооч ээ гэж хэлмээр байна." гэв.
Н.Отгончимэг
Пүрэв - 10 сарын 22,
2026
Сэтгэгдэл0