
ЦЮРИХ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /AFP/. Швейцарын эмийн томоохон компани болох “Roche” ирэх таван жилийн хугацаанд АНУ-д 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгджээ.
“Энэхүү хөрөнгө оруулалт нь АНУ-д эмийн болон оношилгооны салбарын 13 үйлдвэр, 15 судалгаа хөгжүүлэлтийн төв бүхий “Roche”-гийн үйл ажиллагааг улам бэхжүүлж, 12 мянга гаруй шинэ ажлын байр бий болгоно” гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Мөн энэхүү алхам нь Кентакки, Индиана, Нью-Жерси, Орегон, Калифорни дахь үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж мэдэгдсэн байна.
“Өнөөдрийн зарласан хөрөнгө оруулалтууд нь АНУ-д судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чиглэлээр урт удаан хугацаанд тууштай үйл ажиллагаа явуулахыг нотолж байна. Ирэх таван жилийн хугацаанд 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх нь бидний дараагийн инновац, өсөлтийн эрин үеийн үндэс суурийг тавьж, АНУ болон дэлхийн өнцөг булан бүрд байгаа өвчтөнүүдэд ач тусаа өгөх болно” гэж “Roche” группийн гүйцэтгэх захирал Томас Шинекер хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Дональд Трампын засаг захиргаа эмийн салбарт татвар ногдуулахын өмнө эмийн импорттой холбоотой судалгааг хийж эхэлжээ. Хэзээ, хэдий хэмжээний татвар ногдуулах нь тодорхойгүй байгаа боловч өнгөрсөн онд АНУ 213 тэрбум ам.долларын эмийн бүтээгдэхүүн импортолсон нь 2014 оныхоос /73 тэрбум/ ойролцоогоор гурав дахин өссөнийг НҮБ-ын мэдээлэл харуулж байгаа тул татварын нөлөө асар их байж магадгүй юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0