
ВАТИКАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /TASS/. Дөрөвдүгээр сарын 21-ний даваа гарагт таалал төгссөн Пап лам Францистай салах ёс гүйцэтгэх ёслол Ватиканы “Гэгээн Марфа” сүм дэх түүний өргөөнд эхэлжээ. Ёслолын зургуудыг Ватиканы албан ёсны хэвлэлүүд нийтэлсэн байна.
Лхагва гарагт түүний шарилыг Гэгээн Петрийн сүмд байрлуулах бөгөөд энэ сүмд Пап Францистай салах ёс гүйцэтгэх олон нийтийн ёслолын ажиллагаа гурван өдөр үргэлжилнэ. Пап лам Францисыг дөрөвдүгээр сарын 26-ны бямба гарагт оршуулна. Ватиканы уламжлалын дагуу Пап ламыг нас барснаас нь хойш 4-6 хоногийн дотор оршуулах ёстой байдаг. Одоогийн байдлаар оршуулгын ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг хэд хэдэн улсын төрийн тэргүүн оролцохоо илэрхийлээд байна. Францисыг өөрийнх нь хүсэлтээр Санта-Мария-Мажоре сүмд оршуулна.
Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас комд орж, улмаар зүрхний дутагдалд орсны улмаас даваа гаргийн өглөө 88 насандаа таалал төгссөн тухай Ватиканы хэвлэлийн алба мэдэгдсэн билээ. Тэрбээр таалал төгсөхийнхөө өмнөх өдөр нь буюу Улаан өндөгний баяраар сүсэгтэн олонд ерөөл айлдаж, Гэгээн Петрийн талбайгаар "попемобил"-ээр явсан юм. Энэ онд үнэн алдартны шашинтнууд болон католик шашинтнууд Улаан өндөгний баярыг 11 жилийн хугацаанд анх удаа хамтдаа тэмдэглэсэн юм. Хоёр, гуравдугаар сард тэрбээр уушгины хүнд хэлбэрийн үрэвслийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн бөгөөд эмч нар түүнд ажлын ачаалалгүй, сэтгэл санааны хувьд тайван байлгахыг зөвлөж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0