sonin.mn

ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Tomshardware/. Японы “Nippon Telegraph and Telephone Corporation” (NTT) компани дрон ашиглан аянгын цохилтыг өөр тийш нь чиглүүлдэг удирдлагын системийг дэлхийд анх удаа зохион бүтээжээ. Уг системийн туршилтууд амжилттай болсон нь жил бүр их хэмжээний хохирол учруулдаг аянга цахилгааны аюулаас хотууд, дэд бүтцийг хамгаалах шинэ боломжийг нээж өгч байна. 


Аянга цахилгаан жил бүр хүний амь нас, дэд бүтцэд, ялангуяа томоохон хотууд, мөн салхин сэнс гэх мэт аянга зайлуулах төхөөрөмж байрлуулахад хүндрэлтэй байгууламжуудад их хэмжээний хохирол учруулдаг.


Энэ асуудлыг шийдэхийн тулд NTT компани аянганы цохилтыг тэсвэрлэхээс гадна аянгыг зориуд үүсгэн цахилгаан цэнэгийг аюулгүй газар руу чиглүүлдэг дроныг зохион бүтээжээ. Энэхүү нээлт нь байгалийн үзэгдлийг удирдах технологийг хөгжүүлэхэд томоохон ахиц гарсныг илтгэж байгаа бөгөөд цаашлаад аянгын эрчим хүчийг хуримтлуулах дэвшилтэт технологи хөгжих үндэс суурь болж чадна гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Аянганаас хамгаалагч тороор тоноглогдсон уг дроныг NTT компани “Fujitsu” компанитай хамтран Шиманэ мужийн Хамада хотод туршсан байна. 


Туршилтын үеэр дроныг 300 метрийн өндөрт гаргаж, аянга үүсгэх үүл рүү ойртуулжээ. Газраас удирдлагатай шилжүүлэгч төхөөрөмж ашиглан уг дроноор цахилгаан орны хэлбэлзлийг өдөөж, аянгын цохилт үүсгэжээ. Энэ бол дрон аянга цахилгаан үүсгэсэн анхны тохиолдол болсон байна.


Металлын хийц нь аянгын гүйдлийг өөр чиглэлд урсгаж, дроныг хамгаалдаг ажээ. Жирийн аянгын цохилтоос тав дахин их буюу 150 кА хүртэлх хүчдэлийг тэсвэрлэх тор нь аянга цахилгаанаас 98 хувь хамгаалдаг. Аянгад цохиулсны дараа ч дрон унадаггүй байна. Дрон газар дээрх удирдлагатай шилжүүлэгч төхөөрөмжтэй зэрэг ажилладаг тул аянга цахих цаг хугацаа болон байршлыг нарийн хянах боломжтой ажээ.


Туршилтын явцад уг дроны тусламжтайгаар цахилгаан талбайг удирдах замаар аянга үүсгэх, хамгаалалтын торны ачаар аянгын цохилтыг тэсвэрлэх, аянгыг өөр чиглэлд залж, дэд бүтцэд учрах эрсдэлийг бууруулах боломжтой гэдэг нь батлагджээ. 


NTT компани энэхүү технологийг улам сайжруулж, аянгыг илүү нарийвчлалтай таамаглах, мөн түүний эрчим хүчийг хуримтлуулах боломжийг судлахаар төлөвлөж байна. Ирээдүйд ийм дронуудын сүлжээ нь хотууд, цэнгэлдэх хүрээлэн, мөн NTT-ийн харилцаа холбооны систем зэрэг стратегийн чухал байгууламжуудыг хамгаалах юм. Туршилтын явцад дронууд хохирлын хэмжээг багасгаад зогсохгүй аянгын шинж чанарыг судлах шинэ чиглэлийг нээх боломжтой нь батлагджээ. Аянгын эрчим хүчийг хуримтлуулах боломж нь уг төслийг ирээдүйн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг хөгжүүлэх боломжийг нээх юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг