
ЭР-РИЯД, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /FT/. Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) шинээр хууль боловсруулах, одоо мөрдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хиймэл оюуныг (AI) идэвхтэй ашиглах гэж буй дэлхийн анхны улс болно гэж “Financial Times” сонинд бичжээ.
АНЭУ-ын Ерөнхий сайд Мохаммед бин Рашид Аль Мактум хэлэхдээ, хиймэл оюуныг нэвтрүүлснээр хууль боловсруулах үйл явц илүү хурдан, оновчтой болно гэж мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын засгийн газар хууль боловсруулах үйл явцад хиймэл оюуныг ашиглах ажлыг хариуцах тусгай байгууллага болох Хиймэл оюуны удирдах газрыг (Regulatory Intelligence Office) байгуулах шийдвэрийг баталсан байна. Хиймэл оюун ухаан нь хууль боловсруулах үйл явцыг 70 хувиар хурдасгана гэж тооцоолж байна. Үүний тулд төр засгийн болон орон нутгийн хууль, шүүхийн шийдвэр, төрийн байгууллагуудаас гарсан мэдээллийг багтаасан мэдээллийн сан байгуулахаар төлөвлөжээ. AI нь хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал гаргахын тулд эдгээр өгөгдөлд дүн шинжилгээ хийж, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үнэлэх ажээ.
Одоогоор дэлхийн аль ч улс хууль тогтоомжийг өөрчлөхөд хиймэл оюуныг ашиглаагүй байгааг судлаачид онцолж байна. Харин үйл явцыг шинжлэх, оновчтой болгох гэх зэргээр хиймэл оюун ухааныг туслах хэрэгсэл болгон ашигладаг.
Үүний сацуу шинжээчид эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байна. Хиймэл оюун нь тогтвортой бус тэр ч байтугай зохиомол хариултууд үүсгэж магадгүй бөгөөд логик нь зарим үед хүмүүст ойлгомжгүй байж болох юм. Оксфордын судлаач Винсент Штрауб энэхүү санаа ирээдүйтэй мэт харагдаж байгаа боловч хууль боловсруулах гэх мэт чухал асуудлуудад машины туслалцаанд найдах нь аюултай гэж онцолжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
АНУ хиймэл оюун ухааны технологио улам хөгжүүлээрэй.