sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /BBC/. Харвардын их сургуулийн удирдлага хөтөлбөрүүдэд нь төрөөс олгох ёстой 2 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтийг царцаасан Д.Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт DEI буюу олон янз байдал, тэгш байдал, оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрийг цуцлах, оюутны хотхонд маск зүүхийг хориглох зэрэг шаардлагуудыг нь Харвардын их сургууль хүлээн авахаас татгалзсаны дараа Д.Трампын засаг захиргаа дээрх санхүүжилтийг зогсоох шийдвэр гаргаж, татварын хөнгөлөлт, гадаад оюутан элсүүлэх эрхийг нь цуцална гэж мэдэгджээ.


Д.Трамп үүрэгт ажилдаа орсноосоо хойш их сургуулиудад зүүний үзэл суртал, антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзлийг дэлгэрүүлэхийн эсрэг тэмцэж эхэлжээ.


Тэрбээр Газын зурваст дайн эхэлснээс хойш их сургуулиудын хотхонуудад явуулах болсон Израилын эсрэг үйл ажиллагааг антисемитизмийн илрэл гэж үзэж байгаа юм. Д.Трампын засаг захиргаа ижил төстэй шаардлагыг Принстоны, Колумбийн гэх зэрэг хэд хэдэн их сургуульд тавьж, төрийн санхүүжилтийг мөн зогсоосон байна. Эдгээр их сургуулиас Харвардын удирдлага хамгийн түрүүнд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг