
ВАТИКАН, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /DW/. Пап лам Францисын тархинд цус харвасны улмаас комд орж, улмаар зүрхний дутагдалд орсны улмаас таалал төгссөн гэж Ватиканы хэвлэлийн алба мэдэгджээ.
Францис даваа гаргийн өглөө 07:35 цагт Ватиканд комд орсон бөгөөд 88 настай тэрбээр таалал төгссөнийг зүрхний хэт авиан шинжилгээгээр баталжээ.
Тэрбээр хоёр уушгиндаа хатгаа туссаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар эмнэлгээс гарснаас хойш сар орчмын дараа нас барсан байна. Францис гэрээслэлдээ өөрийг нь Гэгээн Мариагийн сүмд оршуулахыг хүсжээ. Пап лам хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа түүний төрөлх нутаг болох Аргентин улс болон хөрш зэргэлдээх Бразил улсад долоо хоногийн гашуудал зарлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ром хотноо болох Францисын оршуулгын ёслолд оролцоно гэж мэдэгдсэн нь тэрбээр хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойш анх удаагаа хилийн чанадад явах гэж буй тохиолдол юм.
Францисыг оршуулах тов хараахан гараагүй байгаа боловч энэ долоо хоногийн сүүлчээр оршуулах төлөвтэй байна. Өмнөх Пап лам нарыг оршуулах ёслол ихэвчлэн нас барснаас нь хойш дөрөв болон зургаа дахь өдрийн хооронд болдог бөгөөд энэ нь дөрөвдүгээр сарын 25-ны баасан гаргаас дөрөвдүгээр сарын 27-ны ням гаргийн хооронд тохионо.
Пап лам Францисыг хэн залгамжлах вэ?
Латин Америк гаралтай анхны Пап лам Францисыг залгамжлах магадлалтай хүн олон байгаа бөгөөд Ази, Африк, Хойд Америк, Европоос нэр дэвшигчид гарч ирж байна.
Зарим хүн Филиппиний Кардинал Луис Антонио Таглыг “Азийн Францис” хэмээн нэрлэж, түүнийг сонгогдох өндөр магадлалтай гэж үзэж байна.
Мөн Италийн Кардинал Пьетро Паролин бол Католик сүм дэх янз бүрийн фракцуудын хооронд “гүүр” болж чадах хүн гэж үздэг ажээ. Хэрэв тэрбээр сонгогдвол итали бус гаралтай гурван хүний дараа Папын суудалд дахин суух итали хүн болох юм.
Харин Гана улсын Кардинал Питер Турксон сонгогдвол Сахарын цөлөөс урагш орших Африкийн бүсээс гаралтай анхны хамба лам болно. Сонгогдох магадлалтай бусад боломжит нэр дэвшигчдийн дунд Франц, Испани, Унгар, Мальта, АНУ-ын иргэд байна.
Папуудыг Ватикан хотын Систин сүмд зохион байгуулдаг “конклав” буюу нууц зөвлөгөөн хэмээх шашны нууцлаг үйл ажиллагааны үеэр сонгодог. Энэ үеэр зөвхөн 80-аас доош насны кардиналууд санал өгөх эрхтэй бөгөөд 120 орчим хүн уг ажиллагаанд оролцдог байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0