
ШИНЭ ДЕЛИ, дөрөвдүгээр сарын 21 /TASS/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Энэтхэг улсад айлчлахаар хүрэлцэн иржээ. Айлчлалын хүрээнд тэрбээр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, хоёр талын худалдаа, татвар, батлан хамгаалахын хамтын ажиллагаа, геополитикийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
“Энэхүү айлчлал нь хоёр талын харилцаанд гарсан ахиц дэвшлийг дүгнэх, мөн 2025 оны хоёрдугаар сарын 13-нд Энэтхэгийн Ерөнхий сайд АНУ-д айлчлах үеэр гаргасан хамтарсан мэдэгдлийн хэрэгжилтийг хэлэлцэх боломжийг талуудад олгоно. Талууд мөн бүс нутгийн болон дэлхийн хэмжээний харилцан сонирхож буй үйл явдлуудын талаар санал солилцоно” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам өмнө нь мэдээлжээ.
Хоёр талын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг нь АНУ-аас Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан 26 хувийн татвараас үүдэлтэй сөрөг нөлөөг багасгахын тулд хоёр талын хооронд худалдааны хэлэлцээр байгуулах асуудал байх төлөвтэй байна. Уг асуудлыг хоёр тал хэдэн долоо хоног хэлэлцэж байгаа юм. АНУ бол Энэтхэгийн хамгийн том худалдааны түнш юм. Хоёр талын худалдаа 2024 онд 129 тэрбум ам.долларт хүрч, Энэтхэгийн талд 45.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Айлчлалын үеэр ямар нэгэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахгүй хэдий ч хоёр улсын засгийн газрууд батлан хамгаалахын болон худалдааны салбарт томоохон түншлэлийн үндэс суурийг тавьж байна гэж “The Economic Times сонинд онцолжээ.
Ж.Д.Вэнс энэтхэг гаралтай гэргий Уша болон гурван хүүхдийн хамт Энэтхэгт хүрэлцэн иржээ. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Шинэ Дели хотод аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
ENE VANCE CHIN ESTOI OROSUUDTAI ADILHAN FASHIST YUM BILEEE