sonin.mn

Австралийн судалгааны төвийн Лоуи институтээс саяхан гаргасан санал асуулгын дүнгээс харахад, Австраличуудын дөнгөж 36 хувь нь АНУ дэлхий дахины үйл хэрэгт хариуцлагатай хандаж чадна гэдэгт итгэж байна гэжээ. Энэ нь тус байгууллага санал асуулга явуулснаас хойшхи 20 жилийн хугацаанд, судалгаанд оролцогчдын АНУ-д итгэх итгэлийн хамгийн доод түвшин гэнэ.


Лоуи институт 2025 оны гуравдугаар сарын 3-16-ны өдрүүдэд Австрали даяар 2117 хүний дунд санал асуулга явуулсан бөгөөд бүрэн үр дүнг нь зургадугаар сард зарлах юм байна. 


Дээрх санал асуулгаас харахад, судалгаанд оролцсон австраличуудын бараг гуравны хоёр нь АНУ хариуцлагатай байдалд "эргэлзээтэй" эсвэл "бүрмөсөн" итгэхгүй гэсэн хариулт өгчээ. Тэдний дунд "бүрмөсөн итгэхгүй" гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь 2024 онд 16 хувь байсан бол энэ онд 32 хувьд хүрсэн байна.


Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 81 хувь нь Д.Трампын засгийн газар гаалийн татварыг ашиглан бусад улс орнуудад дарамт шахалт үзүүлэхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.


Г.Бямба