МАК компаний байрны урд уурхайчдын эрх ашгийг хамгаалан тэмцэгч Б. Ононхангай МАК компаний дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаар болон хөдөлмөрийн хуулийн ноцтой зөрчил, бусад ноцтой асуудлуудаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрээр: " МАК компани Монгол Улсын хуулийг буруугаар ашиглаж, ажилчдаа хохироож, дарамталж байна.
Босоо удирдлагатай, цэргийн статустай мэт, дарангуйллын тогтолцоотой, ажилчдаа тагнадаг, чагнадаг ч байж болзошгүй, хувийн амьдралаар нь хүртэл дарамталдаг байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Яагаад гэвэл Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дүгээр зүйлд уул уурхайн олборлолтын салбарт уртын ээлжийн зохицуулалтыг ашиглаж болно гэж заасан байдаг. Уртын ээлж гэдэг нь ажилтныг байнга оршин суудаг хаягаас нь өөр газарт байршуулан ажиллуулах тохиолдлыг хэлнэ. Ингэхдээ ажилтан сард 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар хатуу заасан байдаг.
Гэтэл МАК компани ээлжээ 20/10 болгон өөрчилж байна. Яагаад, юу болоод ээлжийн хуваарийг 20/10 болгон өөрчилж байгаа юм бэ?
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яриа, шуугиан гарч байгаа ч хаврын чуулганаар хуулийн төслийг өргөн барьсан гэдэг. Гэвч уг төсөл хэлэлцэгдээгүй, батлагдаагүй байхад нэмэлт, өөрчлөлтийг нь батлагдсан мэтээр ашиглаж байгаа нь захиалгаар хууль өөрчлүүлэх гэсэн оролдлого болж таарах гээд байна уу? Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг МАК компани захиалдаг болж байгаа юм уу?
Хууль батлагдаагүй байхад батлагдсан мэтээр, хэлэлцэгдээгүй байхад хэлэлцэгдсэн мэтээр ашиглаж байгаа нь хуулийг буруугаар гуйвуулан хэрэглэж байна гэж би харж байна.
Ажилчдыг айлган сүрдүүлж, дарамталдаг гэх баримтууд надад маш олноор ирдэг.
Бүгдийг нь харуулж амжихгүй тул зарим ажилтны чатаар ирүүлсэн сэтгэгдлээс хүргэе.
“20/10” болохоос үнэхээр айж байна. Үр хүүхдүүдээ бэтгэрүүлэхээс айж байна. Цалингийн зээлтэй учраас ажлаас чөлөөлчих вий гээд айгаад дуугарч чадахгүй юм аа.
Манай хүний нөөцийн ажилтан бол маш хэргэм зэрэгтэй, омогтой хүн байдаг. Шууд л “Зайл” гэдэг.
Компани ажилчдаасаа асуулгүйгээр ийм шийдвэр гаргасан. Санал нийлэхгүй, ээлжийн өөрчлөлтийг эсэргүүцэхэд “Ажиллаж чадахгүй бол зайл” гэдэг хариу өгдөг.
Ийм дарамттай нөхцөл байдалд бид ажиллаж байна." гэв.
Пүрэв - 10 сарын 22,
2026
Сэтгэгдэл0