sonin.mn

ЭР-РИЯД, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Reuters/. Саудын Арабын эрх баригчид Дэлхийн банканд төлөх ёстой Сири улсын өрийг барагдуулахаар төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг энэ талаар мэдээлэлтай гурван эх сурвалжийг эш татан мэдээлжээ. Ингэснээр Сири улс дэд бүтцээ сэргээх, хямралтай байгаа төрийн салбарыг дэмжих зорилгоор олон улсын санхүүгийн байгууллагуудад хандан тусламж хүсэх боломжтой болно.




Тодруулбал, Саудын Арабын эрх баригчид Дэлхийн банкны тусламжийн хөтөлбөрүүдийг дахин сэргээхэд шаардлагатай санхүүжилт буюу 15 сая орчим ам.долларын төлбөрийг хийхээр төлөвлөж байна. 

Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжвэл өнгөрсөн онд Ерөнхийлөгч асан Башар аль-Асадыг түлхэн унагаснаас хойш Саудын Араб улсаас Сирид санхүүгийн дэмжлэг үзүүлсэн анхны тохиолдол болох юм.




Энэ нь мөн Булангийн орнууд Сирийн шинэ эрх баригчдыг дэмжих үйл явцад аажмаар оролцож эхэлж буйг илтгэж байна. Өмнө нь Катарын зүгээс Сирийн төрийн албан хаагчдын цалинг санхүүжүүлэх ижил төстэй санаачилга дэвшүүлсэн боловч АНУ-ын хоригийн бодлого тодорхойгүй байгаатай холбоотойгоор түр хойшлогдоод байгаа юм.


Гэхдээ Сирийн эрчим хүчний хангамжийг хэсэгчлэн тогтворжуулах зорилгоор Иорданы нутгаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөөг гуравдугаар сард Дохад зарлажээ. "Reuters" агентлагийн мэдээлснээр, АНУ-ын эрх баригчид энэ санаачилгыг албан бусаар зөвшөөрсөн байна.




Үүний сацуу, Сирийн SANA агентлагийн мэдээлснээр, тус улсын Сангийн сайд Мухаммед Ясер Барния Дэлхийн банкны техникийн зөвлөлийн төлөөлөгчидтэй даваа гарагт буюу өчигдөр хэлэлцээ хийжээ. Сирийн шинэ засаг захиргааны төлөөлөгчид Олон улсын санхүүгийн байгууллагатай анх удаа уулзсан нь энэ юм. 

Талууд эрчим хүчний дэд бүтцийг сэргээх, төрийн салбарын цалингийн санг дэмжих зэрэг санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар хэлэлцсэн байна. Сирийн Сангийн сайд мөн олон улсын хориг арга хэмжээ болон өмнөх эдийн засгийн бодлого тус улсын банкны тогтолцоонд сөргөөр нөлөөлж байгааг онцлон дурджээ. 



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг