
САНТО-ДОМИНГО, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /Reuters/. Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэлд өнгөрсөн долоо хоногт шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 231-д хүрсэн гэж Дотоод хэргийн сайд даваа гарагт мэдэгджээ. Түүнчлэн хохирогчдын ар гэрийнхэн шөнийн клубийн эздийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж эхэлсэн байна.
Христийн шашинтнуудын тэмдэглэдэг "Ариун долоо хоног" баярыг энэ онд Карибын тэнгисийн аялал жуулчлалын бүс нутагт урьд өмнөхөөс өөрөөр тэмдэглэж, олон арга хэмжээ, үйл ажиллагааг цуцалж, далайн эрэгт үдэшлэг зохион байгуулахыг хориглоно гэж Доминиканы Тэнгисийн цэргийн хүчин мэдэгджээ.
Хотын эрх баригчид мөн олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд болдог Улаан өндөгний баярын уламжлалт үйл ажиллагаануудыг цуцалсан байна. Дөрөвдүгээр сарын 8-нд болсон ослын улмаас амиа алдсан хохирогчдын нэг болох Виржилио Рафаэль Крузын гэр бүлийнхэн клубийн эздийн эсрэг хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлсэн гэж тус гэр бүлийн өмгөөлөгч даваа гарагт орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Бусад гэр бүлүүд ч мөн шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ мэдэгдээд байна. “Jet Set” шөнийн клубийг Доминиканы Бүгд Найрамдах Улс дахь хоёр дахь том өргөн нэвтрүүлгийн компани, 50 радио станцын эзэн Антонио Эспайлат эзэмшдэг.
“Бид эхнээсээ хууль сахиулагчидтай ил тод хамтран ажилласаар ирсэн” гэж А.Эспайлат осол гарсны дараахан Инстаграм хаягтаа нийтэлсэн дүрс бичлэгийн үеэр хэлсэн байна.
Орон нутгийн хэвлэлүүд болон тасалбар борлуулдаг цахим хуудсуудад тус клубийг 700-1000 хүн хүлээн авах боломжтой гэж мэдээлж байгаа боловч осол гарах үед яг хэдэн хүн байсан талаар баттай мэдээлэл алга байна. Эрх баригчид дээвэр нурсан шалтгааныг тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Барилгын чанарт хяналт тавьдаг засгийн газрын хэлтсийн дарга Леонардо Рейесийн хэлснээр, шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлт гарах хүртэл гурван сар орчим хугацаа шаардагдах ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0