
СӨҮЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг энэ долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар батална гэж албаны хүн өнөөдөр мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Сү мягмар гарагт болох Засгийн газрын хуралдааны үеэр сонгуулийн товыг батлахаар төлөвлөж байна гэж засгийн газрын өндөр албан тушаалтан Ёнхап агентлагт мэдээлсэн байна.
Юн Сог Ёлийг онц байдал зарласантай нь холбогдуулан албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гаргасан бөгөөд үүнээс хойш 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах ёстой. 2017 оны гуравдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг албан тушаалаас нь огцруулсны дараа ээлжит бус сонгууль мөн яг 60 хоногийн дараа буюу тавдугаар сарын 9-нд болж байлаа.
Үндсэн хуулийн цэц өнгөрсөн баасан гарагт Юн Сог Ёлийг огцруулсны дараа Сонгуулийн үндэсний хороо нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ. Сонгуулийн тов батлагдвал тавдугаар сарын 11-ний дотор нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор тавдугаар сарын 12-ноос эхэлнэ.
Мөн хуулийн дагуу ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй төрийн албан хаагч сонгууль болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой бөгөөд энэ нь тавдугаар сарын 4 гэхэд шийдвэрээ гаргах ёстой гэсэн үг юм. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч сонгуулийн дүн гарсны дараа шилжилтийн баггүйгээр шууд үүрэгт ажилдаа орох ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0