
ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /NHK/. Японд өнгөрсөн онд зээлийн картын луйврын улмаас их хэмжээний хохирол учирч, олон хэрэглэгч цахим орчинд залилан мэхлэх гэмт хэргийн золиос болжээ. Карт гаргагчид энэ асуудлыг шийдэхийн тулд хиймэл оюуныг ашиглаж эхэлсэн байна.
Японы Хэрэглээний зээлийн холбооноос мэдээлснээр, хохирлын хэмжээ 55.5 тэрбум иен буюу 370 сая орчим ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 10 сая доллароор өссөн үзүүлэлт бөгөөд ийм төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээг бүртгэж эхэлсэн 1997 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Ийм гэмт хэргийн 92 хувьд нь хулгайлагдсан картын мэдээллийг ашиглажээ. Луйварчид карт эзэмшигчдийн дансны мэдээллийг авахын тулд хуурамч цахим хуудсуудыг ашиглах нь ихэссэн байна. Энэ оны гуравдугаар сараар дуусгавар болсон өнгөрсөн санхүүгийн жилд зээлийн картын залилангийн улмаас 66 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж Aeon Financial Service компани мэдээлсэн байна. Тус компанийн “Aeon” картын олон мянган хэрэглэгч мэдээллээ хулгайд алдаж, хууль бус гүйлгээний хохирогч болжээ.
Цахим орчин дахь залилантай тэмцэхийн тулд арга хэмжээ авч байгаагаа Японы зээлийн карт гаргагчдын холбоо болон томоохон компаниуд мэдэгджээ. Тодруулбал, хууль бус гүйлгээний схемийг хянах, хуурамч вэб сайтуудыг илрүүлэхийн тулд дөрөвдүгээр сараас хиймэл оюуныг ашиглах ажээ.
Хиймэл оюунаар илрүүлсэн мэдээллийг болон цахим хуудсуудыг хаах хүсэлтийг интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад илгээнэ. Компанийн нэрийг нь ашиглан үйл ажиллагаа явуулж байсан хуурамч цахим хуудсуудыг аль хэдийн илрүүлсэн гэж карт гаргагчид мэдэгдээд байна. Тэд цаашид цахим худалдааны хуурамч платформууд, цахим хуудсуудад тавих хяналтыг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0