
ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 31 /NHK/. Япон дахь АНУ-ын зэвсэгт хүчний штабыг нэгдсэн штабын түвшинд хүргэж өөрчлөн байгуулах төлөвлөгөөний эхний үе шат эхэлсэн тухай Пентагоны тэргүүн Пит Хегсет мэдэгджээ.
Ингэснээр Америкийн цэргүүд үйл ажиллагаагаа Японы Шуурхай үйл ажиллагааны нэгдсэн командлалтай уялдуулан зохицуулах боломжтой болно гэж тэрбээр хэлсэн байна.
Японы Өөрийгөө хамгаалах хүчний удирдлага Шуурхай үйл ажиллагааны нэгдсэн командлалыг өнгөрсөн даваа гарагт байгуулж, АНУ-ын цэргүүдтэй илүү нягт холбоотой байх үүднээс гурван салбараа нэг командлалын бүрэлдэхүүнд оруулжээ.
П.Хегсет Японы Батлан хамгаалахын сайд Накатани Гэнтэй Токио хотноо ням гарагт хэлэлцээ хийснийхээ дараа хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцсон байна. Тэрбээр хэлэлцээ маш амжилттай болсон гэдгийг мэдэгдээд бид өөр өөр хэлээр ярьдаг хэдий ч харилцан ойлголцож, аюул занал ямар байдгийг мэддэг хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
П.Хэгсет хэлэхдээ, энэ удаагийн уулзалт нь Америк, Японы эвслийн харилцаа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын тулгын чулуу болохыг дахин нотоллоо гэжээ.
Японы батлан хамгаалахын зардлын талаар талууд хэлэлцсэн эсэх тухайд сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулахдаа, энэ талаар дэлгэрэнгүй яриагүй гэсэн байна. Японы тал өөрт нь ямар боломжууд байгааг оновчтой тодорхойлж чадна гэдэгт АНУ итгэлтэй байна гээд Япон улс үргэлж үлгэр жишээ холбоотон байсаар ирсэн бөгөөд цаашид ч тийм байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
П.Хэгсет хэлэхдээ, илүү ихийг хийх хэрэгтэй гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч байна, хоёр талын харилцаа бүх талаараа улам хүчирхэгжиж, бат бэх болох ёстой бөгөөд ингэснээр хоёр орны тогтоон барих боломж улам сайжирч, улмаар энх тайвныг тогтоох магадлал нэмэгдэнэ гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0