sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 31 /CNN/. Америкийн алдарт жүжигчин Ричард Чемберлен 90 насандаа таалал төгссөнийг түүний хэвлэлийн төлөөлөгч баталжээ. Тэрбээр 1960-аад онд үзэгчдийн хүртээл болж байсан “Dr Kildare” телевизийн цувралд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан юм.


Р.Чемберлен Хавайд цус харвалтын дараах хүндрэлийн улмаас нас барсан гэж хэвлэлийн төлөөлөгч Харлан Болл мэдэгджээ. Нэр хүндтэй олон шагналыг хүртэж байсан “Thorn Birds” цувралын од тэрбээр даваа гарагт 91 нас хүрэх байв. 


“Алтан бөмбөрцөг”-ийн гурван удаагийн шагналт Р.Чемберлен олон жилийн турш жүжигчин, дуучин, цэрэг, зураач, зохиолч гэх мэт олон дүрд тоглож байсан боловч “Dr Kildare” цувралд царайлаг залуу эмчийн дүрийг бүтээснээр анх удаа олны танил болж, нэр алдарт хүрэх эхлэл нь тавигджээ.


Энэхүү цуврал нь 1961-1966 оны хооронд NBC телевизээр гарч байсан бөгөөд 1963 онд Р.Чемберлен Килдар эмчийн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” наадмаас телевизийн шилдэг эрэгтэй од номинацид шалгарч байлаа. Түүний киноны карьер ч мөн амжилттай байсныг онцлох нь зүйтэй. Тэрбээр Чарлтон Хестон, Жейсон Робардс нартай хамт “Юлий Цезарь” кинонд Октавиус Цезарийн дүрд тоглож, 1973 онд “Шадар гурван цэрэг” кинонд Ракуэл Уэлч, Оливер Рид нартай хамт тоглож байв. 1974 онд тэрбээр “Оскар”-ын шагналт “The Towering Inferno” кинонд дүр бүтээжээ.


“Associated Press” агентлагийн мэдээлснээр, 1980-аад онд Р.Чемберлен “мини цувралын хаан” гэгдэх болжээ. Тэрбээр 1980 онд “Shōgun”, 1983 онд “The Thorn Birds” цувралд тоглосон бөгөөд тус бүр нь түүнд “Алтан бөмбөрцөг” авчирсан юм. 


Калифорнийн Лос-Анжелес хотод төрж, Беверли-Хиллст өссөн Р.Чемберлен “Pomona” коллежид урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Сургуулиа төгсөөд тэрбээр АНУ-ын армид элсэж, Солонгост 16 сар алба хааж, түрүүч цол хүртсэн байна. “Бидний хайрт Ричард одоо сахиусан тэнгэрүүдтэй хамт байгаа. Бид ийм гайхалтай, хайраар дүүрэн нэгнийг мэддэг байсан нь ямар их аз вэ” гэж Р.Чемберлений хамтран амьдрагч Мартин Раббетт ням гарагт “CNN” телевизэд ярьжээ.  




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг