sonin.mn

Орос-Украины дайныг зогсоох асуудлаар хэлэлцээ явагдаж буй энэ үед Өмнөд Солонгосын Samsung, LG Electronics, Hyundai компаниуд Оросын зах зээлд эргэн ирэх боломжийг судалж байгаа тухай The Korea Times сонинд мэдээлжээ. Тухайлбал, LG компани Москвагийн ойролцоох үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээсэн байна.


“Дайн эхэлснээс хойш сул зогсож буй үйлдвэрлэлийн хүчин чадлын элэгдлийг зогсоохын тулд ийм шийдвэр гаргасан, гэхдээ шинээр нийлүүлэлт хийгээгүй, тэнд байгаа түүхий эд, материалуудыг ашиглаж байна” хэмээн тус компанийн удирдлага тайлбарлажээ.


LG Electronics компанийн ерөнхий захирал Чо Жү Ван мэдэгдэхдээ “дайн дуусаагүй байгаа учраас манай компани асуудалд болгоомжтой хандаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна, учир нь хоригийг цуцалмагц үйл ажиллагаагаа сэргээх боломж бий болно” гэжээ. Мөн Хьюндай компани эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа бөгөөд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг анхааралтай ажиглаж байна гэж Hyundai Motor Group компанийн төлөөлөгч мэдэгдлээ. Харин Samsung компани Оросын зах зээлд эргэн ирэх эсэх талаар The Korea Times сонинд тодорхой зүйл бичээгүй байна.


Гуравдугаар сарын дундуур The Bell сонины редакциас дайн эхэлмэгц Оросоос гарч явсан Барууны компаниудын дунд санал асуулга явуулж, Оросын зах зээлд эргэн ирэх эсэхийг нь лавлажээ.


Тодруулбал, дайнаас өмнө Орост үйл ажиллагаа явуулж байхдаа хамгийн их ашиг олж байсан гадаадын 60 гаруй компанид энэ талаар асуулт илгээсэн байна. Тэдгээр компаниас 21 нь асуултад хариулсан бөгөөд бүгд эргэн очихоор төлөвлөөгүй гэжээ. Тэдгээрийн дотор тавилгын IKEA сүлжээ дэлгүүр (Швед), химийн үйлдвэрлэлийн Henkel компани (Герман), авто машин үйлдвэрлэгч Nissan компани (Япон), спортын хувцасны Decathlon (Франц) сүлжээ дэлгүүр орж байна. 




Б.Адъяахүү