sonin.mn

СӨҮЛ, 2025 оны гуравдугаар сарын 31 /Yonhap/. Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш асаж байсан ойн түймрийг бүрэн унтраасан тухай тус улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам мэдээлжээ. 


Кёнсанбүг, Кёнсаннам мужууд, Ульсан хотод гарсан түймрийн асуудлаар Дотоод хэргийн сайдын үүргийг гүйцэтгэгч Ко Ки Дон зөвлөгөөн зохион байгуулсан байна. Эдгээр муж, хотод байгалийн гамшгийн улмаас онцгой байдал тогтоогоод байсан юм. 


Кёнсаннам мужийн Санчон хошуунд гуравдугаар сарын 21-ний өдрөөс дэгдсэн түймрийн 11 голомтыг бүрэн унтраасан гэж яамны мэдэгдэлд дурджээ. Ойн түймэрт 48 мянган га талбай өртсөн нь Сөүл хотын газар нутгийн 80 орчим хувьтай тэнцэх юм. Ко Ки Дон хэлэхдээ, одоогийн түймэр нь хүний амь нас, эд материалын хохирлын хэмжээгээр хамгийн сүйтгэлт түймэр боллоо гэжээ.


Хамгийн сүүлийн мэдээллээр, 30 хүн амиа алдаж, 45 хүн түлэгдэж гэмтсэн бол соёлын өвийн 30 объект түймэрт сүйдсэн байна. 


Кёнсанбүг мужид гарсан түймрийг бүрэн унтраасан гэж Өмнөд Солонгосын ойн алба өнгөрсөн бямба мэдэгдсэн боловч бямба гаргийн шөнө түймэр дахин тархсан байна. Үйсон хошууны нэгэн толгод дахь гэр бүлийн оршуулгын газарт өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэх зан үйл хийж байхдаа гал алдсан гэж сэжиглэгдэж буй 56 настай эрэгтэйд гуравдугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг