
НЬЮ-ЙОРК, 2025 оны гуравдугаар сарын 28 /NYT/. Нил мөрний зүүн эрэгт орших эртний Абидос хотоос 3600 орчим жилийн настай, нэр нь үл мэдэгдэх фараоны бунхныг Египет, Америкийн археологичдын баг илрүүлсэн тухай “The New York Times” (NYT) сонинд мэдээлжээ.Уг булшийг 7 м гаруйн гүнд байх хэд хэдэн өрөө бүхий 5 орчим метр өндөр хүнхгэр тааз бүхий газраас олж илрүүлсэн байна. Археологичид 10 гаруй жилийн өмнө "түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдээгүй" хаант улс оршин байсныг нотлох анхны бунхныг тус хотоос илрүүлж байжээ. Шинээр илрүүлсэн бунхан нь уг бунхнаас хэмжээгээрээ хамаагүй том ажээ. “Энэ бол мартагдсан хаант улсыг судлахад шинэ хуудсыг нээсэн сэтгэл хөдөлгөм үйл явдал мөн” гэж Америкийн археологичдын багийн ахлагч Жозеф Вегнер олдворын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна.
Саяхан олдсон бунхан болон 2014 онд олж илрүүлсэн Сенеб-Кей гэдэг нэртэй фараоны бунхан хоёрын төстэй байдалд үндэслэн нэр нь тодорхойгүй фараон нь Абидосын удмынхны нэг байсан байж магадгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.
Вегнерийн хэлснээр, шинээр олдсон болон Сенеб-Кейн бунхан нь хээлж будсан чимэглэл нь хадгалагдан үлдсэн хамгийн эртний хаадын бунхнуудын нэг ажээ. Тухайлбал, бунхан руу орох хэсгийн ханын зураг дээр Исида бурхан болон түүний эгч Нефтида нарыг дүрсэлсэн байдаг.
Үүний зэрэгцээ Абидос дахь бунхан нь цагийн явцад маш их эвдэрч сүйдсэн бөгөөд араг ясны үлдэгдэл олдоогүй байна. Үүнээс гадна 1.7 мянган жилийн өмнө бунхныг тонож байсны ул мөр олджээ. Муутуу цаасан дээр бичсэн хааны нэрийг тайлж унших боломжгүй болсон байна. Венгерийн хэлснээр, уг бунхан нь Абидос хотод хөшөөг нь босгосон Сенайиб гэдэг хаан эсвэл Фараон Пэнтжени гэдэг нэртэй фараоных байж магадгүй ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Жинхэнэ суварга
Давтагдашгүй