sonin.mn

Хорт хавдрын эмчилгээний явцад илэрсэн харш нөлөөллүүдээс шалтгаалан баасан гарагт оролцохоор төлөвлөсөн уулзалтуудаа Их Британийн хаан Чарльз III түр хойшлуулжээ.


Өдгөө 76 настай тэрбээр Лондон дахь Кларенс-хаус өргөөндөө байгаа бөгөөд бичиг баримтуудтай танилцаж, утсаар ярьж байгаа гэж Букингемийн ордноос мэдээлсэн байна.


Өнөөдөр буюу баасан гарагт Чарльз III Бирмингемийн ордонд болох дөрвөн арга хэмжээнд оролцож, Бирмингемийн Хааны бүжгэн жүжгийн хамтлагийнхантай уулзахаар төлөвлөсөн байжээ. Түүнчлэн гурван улсын элчин сайдуудтай уулзах ёстой байв. Тэрбээр Бирмингемийн аяллыг зохион байгуулагчдаас уучлал хүссэн бөгөөд эдгээр арга хэмжээг өөр цагт товлох боломжтой хэмээн найдаж байна гэж Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.


Чарльз III хаан хорт хавдар туссан тухай Букингемийн ордон 2024 оны хоёрдугаар сард анх мэдээлсэн билээ. Үүний дараах эхний хэдэн сард тэрбээр олон нийтийн арга хэмжээнүүдэд оролцоогүй бөгөөд удалгүй ердийн хуваарийн дагуу ажлаа гүйцэтгэж эхэлсэн юм.


Харин Чарльз III хаанд ямар төрлийн хавдрын шинж тэмдгүүд, эмчилгээний ямар харш нөлөөллүүд илэрсэн талаар Букингемийн ордон мэдээлэл өгөхгүй байгаа юм. Чарльз III хаан, хатан Камилла нар энэ долоо хоногт Ватиканд очихоор төлөвлөж байсан боловч Ромын Пап Франциск эмчлүүлж байгаа тул төрийн айлчлалаа хойшлуулсан байна. Гэхдээ дөрөвдүгээр сард Италид хийх тэдний айлчлал төлөвлөсний дагуу болох бөгөөд хөтөлбөрт нь зарим өөрчлөлт орох ажээ.    



Б.Адъяахүү