sonin.mn

БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 28 /CNN/. Хятадын цахилгаан авто машин үйлдвэрлэгч BYD компани 2024 онд 777 тэрбум юань буюу 107 тэрбум ам.долларын орлого олжээ. Ингэснээр цэвэр эрчим хүчээр ажилладаг авто машины дэлхийн зах зээл дэх өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед борлуулалтаараа Илон Маскийн Tesla-г ардаа орхисон байна. 


Тодруулбал, тус компани бүрэн цахилгаан ба хос хөдөлгүүртэй 4.27 сая авто машин борлуулсан нь өмнөх жилийнхээс 29 хувиар өсжээ. Харин Tesla-гийн 2024 оны орлого 97.7 тэрбум доллар байсан бөгөөд цэнэг хураагуураар ажилладаг 1.79 сая автомашин нийлүүлсэн байна. 


Тус компанийн жилийн нийлүүлэлт өнгөрсөн онд анх удаагаа 1.1 хувиар буурчээ. BYD-гийн гүйцэтгэх захирал Ван Чуаньфу хэлэхдээ, тус компани өнгөрсөн онд хурдацтай өсөлт үзүүлснийг онцолжээ. 


BYD нь цэнэг хураагуур, технологиос эхлээд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл хүртэлх салбар бүрд тэргүүлэгч болж, гадаадын брэндүүдийн давамгайллыг зогсоож, дэлхийн зах зээлд шинэ хандлагыг дахин бүрдүүлж чадсан гэж тэрбээр хэлсэн байна.



BYD тус салбарт ноёрхож байсан Tesla-тай улам ширүүн өрсөлдөж байна. Өнгөрсөн долоо хоногт BYD хэт хурдан цэнэглэх системээ танилцуулсан бөгөөд ердөө таван минутын дотор цэнэглээд 470 км зам туулах боломжтой тул Tesla-гийн цэнэглэгчээс давжээ. Tesla-гийн супер цэнэглэгчээр 15 минут цэнэглэснээр 322 км замыг туулах боломжтой юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг