
ТОКИО, 2025 оны гуравдугаар сарын 27 /NHK/. Японы Осака хотноо ирэх сард нээгдэх Дэлхийн экспод тавигдах “Ангарагийн чулууг” Японы баруун нутагт байрлах судалгааны хүрээлэнгээс экспо болох газарт зөөвөрлөн авчирч байна.
Японы судлаачдын баг 2000 онд Антарктид тивээс олсон энэ чулуу бол Ангараг гаргаас Дэлхий дээр олон арван мянган жилийн өмнө буусан солир болохыг тогтоосон байна.
Регбигийн бөмбөгний хэмжээтэй, 13 кг жинтэй энэ чулуу Дэлхийд дээр байгаа ийм төрлийн хамгийн том олдвор гэж тооцогддог. Токио дахь Туйлын судалгааны үндэсний хүрээлэнд хадгалагдаж буй солирыг лхагва гарагт Осака руу ачааны машинаар илгээжээ.
Анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх байгаа Ангараг гаргийн чулууг ирэх 10 дугаар сард Дэлхийн экспо үзэсгэлэн өндөрлөх хүртэл Японы асарт байрлуулах ажээ.
Туйлын судалгааны үндэсний хүрээлэнгийн олон нийттэй харилцах албаны дарга Күмагай Хироясү хэлэхдээ, 1970 онд болсон Осакагийн экспогийн үеэр “Сарны чулуу” олны анхаарлыг ихэд татаж байсныг дурдаад, энэ удаад Ангарагийн чулууг дэлгэн үзүүлж буй нь ховор тохиол мөн гэлээ. Энэхүү боломжийг ашиглан олон хүн уг чулууг үзэж, орчлон ертөнц болон манай гаргийн гайхамшгийн талаар эргэцүүлэн бодох болов уу гэж тэрбээр хэлэв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0