sonin.mn

2025 оны гуравдугаар сарын 25-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх зөвшилцөл, зохицуулалтын ажлын хэсгийн 33-р хурал зохион байгуулагджээ.


Хурлыг Хятадын Гадаад харилцааны яамны Хил, далайн бүсийн газрын дарга Хун Лян, Энэтхэгийн Гадаад харилцааны яамны Зүүн Азийн газрын нарийн бичгийн дарга Гаурангалал Дас нар хамтран даргалж, хоёр улсын гадаад харилцаа, батлан хамгаалах, засгийн газар болон цагаачлалын албаны төлөөлөгчид оролцсон байна.


Хуралдааны үеэр талууд 2024 оны арван хоёрдугаар сард зохион байгуулагдсан Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн 23-р уулзалтын үеэр хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх талаар гүнзгий санал солилцов. Тухайлбал, хилийн зааг тогтоох хэлэлцээ, хилийн хяналтын механизм байгуулах, хил дамнасан солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцжээ. Мөн Хятад, Энэтхэгийн хилийн бүсийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах үр дүнтэй арга хэмжээ авах талаар нийтлэг ойлголтод хүрч, дараагийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангахаар тохирсон гэнэ.




Г.Бямба