
СӨҮЛ, 2025 оны гуравдугаар сарын 26 /Yonhap/. Өмнөд Солонгосын зүүн өмнөд нутагт дэгдсэн ойн түймэрт өртөж амиа алдсан хүмүүсийн тоо 18 болж, нэг хүн сураггүй болсон тухай ойн газрын албаны хүмүүс лхагва гарагт мэдэгдлээ. Гал сөнөөгчид хурдацтай тархаж буй түймрийг унтраахаар шаргуу ажиллаж байна.
Өнгөрсөн баасан гарагт Өмнөд Кёнсан мужийн Санчон хошуунд гарсан түймэр зэргэлдээх Йысон хошуунд тархаж, хүчтэй хуурай салхины нөлөөгөөр хөрш залгаа Андон, Чонсон, Ёньян, Ёндок хошууд руу тархжээ.
Амиа алдсан хүмүүсийн хоёр нь Андон, гурав нь Чонсон, зургаа нь Ёньянд, долоо нь Ёндокт бүртгэгдсэн гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Мөн Чонсонд нэг хүн сураггүй алга болжээ. Өөр 10 хүн түлэгдэж гэмтсэнээс хоёр нь хүнд бэртэл авсан байна. Ёньянд таван хохирогчийн дөрөв нь зам дээр шатаж нас барсан байдалтайгаар мягмар гаргийн 23:00 цагийн орчимд олджээ.
Өнөө өглөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Су иргэдийн амь насанд заналхийлж буй ой хээрийн түймрийг цаашид тархахаас сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг уриалж, байгалийн гамшгийг “түүхэн дэх хамгийн аймшигтай ой хээрийн түймэр” гэж тодорхойлсон байна.
Одоогийн байдлаар ой хээрийн түймрийн улмаас 17 мянган га ой мод, 209 байшин барилга сүйдээд байна гэж Хан Док Су хэллээ. Шилла гүрний үед (МЭӨ 57-МЭ 935 он) 681 онд баригдсан Йысон дахь эртний Гоун сүм түймэрт шатаж сүйджээ. Ариун сүмд хадгалагдаж байсан үнэт зүйлсийг өөр газарт шилжүүлсэн байна.
Түймрийг унтраахаар олон мянган гал сөнөөгч, олон арван нисдэг тэрэг, авто машинууд ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаргаас хойш зүүн өмнөд нутагт дэгдэж буй түймрийг унтраахаар 5000 орчим цэргийн алба хаагч, 146 нисдэг тэргийг илгээжээ.
Умард Кёнсан мужийн шоронд байсан 500 орчим хоригдлыг түймрээс хамгаалахын тулд нэг шөнийн дотор өөр хорих ангид шилжүүлсэн тухай Хууль зүйн яам мэдээлжээ. Эхэндээ хэд хэдэн хорих ангиас 3500 орчим хоригдлыг шилжүүлэхээр төлөвлөж байсан боловч зарим газрын түймрийг унтраасны дараа тэдний тоог цөөрүүлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0