
Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын хамтарсан Хуурай замын цэргийн эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт 03 дугаар сарын 11-ний энэ өдөр ХЗЦК-ын байрлалд эхэллээ.
“Хамтдаа манлайлж, хамтдаа хөгжье” уриатайгаар таван өдрийн туршид явагдах энэхүү форумд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн эмэгтэй ахлагчийн бүрэлдэхүүн, АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн офицер, ахлагч нар оролцож байна. Форум сургалт, уулзалт ярилцлага, бүлгийн ажиллагаа, туршлага сургамж, хэлэлцүүлэг, санал дүгнэлт гэсэн хэлбэрүүдээр явагдах бөгөөд эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэн явагдаж буйгаараа онцлог юм. Ингэхдээ өдөр бүрийн хичээл сургалт өөр өөр дэд сэдвийн хүрээнд явагдаж, “Эмэгтэйчүүд ба энх тайван, аюулгүй байдал”, “Ахлагчийн албаны хөгжил, эмэгтэй ахлагч нарын үүрэг оролцоо”, “Цэргийн алба хаагчдын ижил боломж”, “Анги байгууллага дахь эмэгтэй ахлагч нарын оролцоо, ирээдүйн чиг хандлага”, “Жендэр ба эмэгтэйчүүд” гэсэн илтгэлүүд тавигдахын зэрэгцээ Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Жендэрийн Үндэсний хорооны ажлын албанаас мэргэжлийн судлаач, багш нар оролцоно.
Форумыг нээж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр хэлсэн үгэндээ эмэгтэй ахлагч нарынхаа манлайлал, оролцоо, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох нь бидний зорилго. Ахлагч нар мэргэжлийн бүрэлдэхүүний үндсэн хүч төдийгүй тухайн байгууллагын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхтай салшгүй холбоотой учраас тэднийг мэргэжлийн түвшинд бэлтгэх, чадавхжуулан хөгжүүлэх, гэр бүл, нийгмийн хамгааллын асуудлыг цогцоор шийдвэрлэх нь чухал байна хэмээгээд чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлалын зочид, төлөөлөгчдөд талархал дэвшүүллээ.
Үүний дараа АНУ-ын эмэгтэй цэргийн алба хаагчид өөрсдийн гүйцэтгэж ирсэн үүргийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэж, эмэгтэй цэргийн алба хаагчдын манлайлал, хөгжилд уйгагүй хичээл зүтгэл, дээд удирдлагаас итгэл хүлээлгэх зориг, шийдвэр зэрэг олон зүйлээс хамаарч байдгийг дурдлаа.
Тэдний олонх нь Афганистанд томилолтоор үүрэг гүйцэтгэсэн дадлага туршлага арвинтай, олон нийттэй харилцах болон сургалтаар дагнасан офицер, ахлагч нар ажээ. Чуулга уулзалт 3 дугаар сарын 14-ний өдөр “Эмэгтэйчүүдийн манлайлал, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр өндөрлөнө.
Эх сурвалж:"Соёмбо" сонин
Сэтгэгдэл1
Америк хүртэл цэрэгт эмэгтэй хүн байх нь коммандлагчийн үгээр орохгой хэцүү байдалд хүргэдэг гэж үзээд эмэгтэйчүүдийг цэрэгт ажиллуулахгүй гэж байна. Монгол улсад бас тийм баймаар юм?