sonin.mn

МАСЕРУ, 2025 оны гуравдугаар сарын 6 /Reuters/. Лесото гэж хэн ч сонсож байгаагүй улс хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлсэн явдалд цочирдож, доромжлуулсан мэдрэмж авсан гэж Африк тивд орших Лесото улсын Гадаад хэргийн сайд мэдэгдээд, Америкийн төрийн тэргүүнийг улс орондоо айлчлахыг урьжээ.

Д.Трамп мягмар гаргийн орой Конгрессын нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ Лесотогийн талаар дурдаж, гадаад зардлын зарим нь “аймшигтай үрэлгэн байсныг” шүүмжилжээ. “Хэний ч сонсож байгаагүй Африкийн Лесото улсад ЛГБТ-г сурталчлахын тулд найман сая доллар зарцуулсан байна” гэж Д.Трамп хэлжээ.




Харин Лесотогийн Гадаад хэргийн сайд Лежоне Мпотжоане хэлэхдээ, Трампын үг “нэлээд доромжилсон агуулгатай” байна гээд, төрийн тэргүүн хүн манай улсыг ингэж тодорхойлж байгаад би үнэхээр цочирдсон гэж Ройтерс агентлагт ярьжээ. ӨАБНУ-аар хүрээлэгдэн оршдог 2 сая орчим хүн амтай, уулархаг нутагтай Лесото бол далайн түвшнээс дээш хамгийн өндөрт оршдог улс тул заримдаа “Тэнгэрийн хаант улс” гэж нэрлэх нь бий.




“Лесото бол дэлхий дахины хувьд маш чухал, өвөрмөц улс юм. Би ерөнхийлөгчийг болон дэлхийн бусад хүмүүсийг Лесотод ирэхийг урьж байна” гэж Л.Мпотжоане хэлжээ. Лесото дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санхүүждэг иргэний нийгмийн зарим байгууллага ЛГБТ+ нийгэмлэгийг дэмжих чиглэлээр ажиллаж байсны сацуу АНУ тус улсын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтой санхүүжилтийг олгосоор ирснийг тэрбээр дурдсан байна.


Д.Трампын засаг захиргаа зардлаа “Америк нэгдүгээрт” бодлоготой уялдуулахыг эрмэлзэж байгаа тул олон тэрбум долларын гадаад тусламжаа танаж эхэлсэн юм. Л.Мпотжоане хэлэхдээ, эрүүл мэндийн салбар хэсэг хугацаанд энэ тусламжаас хамааралтай байсан учраас Лесото улс уг шийдвэрийн нөлөөг мэдэрч байна, гэхдээ тус салбарыг биеэ даасан болгох талаар судалж байна гэлээ. “Тусламжийг танах тухай шийдвэр бол АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ улс орны маань талаар ингэж хэлсэн нь үнэхээрийн харамсалтай байна” гэж сайд хэлжээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцэмэ" агентлаг