sonin.mn

Хоёрдугаар сарын 27-нд болсон Хятадын Худалдааны яамны хэвлэлийн бага хурлыг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн удирдан явууллаа. Тэрбээр Хятад, Япон хоёр улс эдийн засгийн чиглэлээр үр бүтээлтэй хамтран ажиллаж буйг онцолж, хоёр талын худалдааны хэмжээ олон жилийн турш 300 тэрбум ам.долларыг давж байгааг мэдээлэв.


Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 18-нд Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао Японы бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ удаагийн уулзалтад Японы талаас 230 төлөөлөгч оролцсон нь өмнөх жилүүдийнхээс илүү олон хүн оролцсон байна. Үүнээс үзэхэд, Японы эдийн засгийн салбар Хятадын зах зээлийг өндөр ач холбогдолтой гэж үзэж байгааг илтгэж байна.


Японы бизнесийн төлөөлөгчид хэлэхдээ, Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж буй нь зөвхөн Японд төдийгүй Зүүн Ази, цаашлаад дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Тиймээс хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, харилцааны хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Хятад, Японы эдийн засаг нягт уялдаатай хөгжиж, хоёр талын худалдааны хэмжээ олон жил дараалан 300 тэрбум ам.долларыг давсан байна. Японы Хятадад оруулсан нийт хөрөнгө оруулалт 130 тэрбум ам.долларыг давсан бөгөөд цаашид өсөх ихээхэн боломж бий. Иймд хоёр улс харилцаа холбоогоо улам бэхжүүлж, ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалах, Дэлхийн худалдааны байгууллагыг (ДХБ) голлон түшиглэсэн олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатайг Хэ Ядүн хэллээ.


Тэрээр мөн Хятад, Япон хоёр улс эдийн засаг, худалдааны салбарт харилцан айлчлал, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжил, эрүүл мэндийн үйлчилгээ, үйлчилгээний худалдаа зэрэг чиглэлээр илүү нягт хамтран ажиллахад бэлэн байгааг онцоллоо.