
3-р сарын 4-ний өдрөөс эхлэн АНУ фентанил болон бусад асуудлаас үүдэн АНУ-д экспортолж буй Хятадын бүтээгдэхүүнд дахин 10 хувийн гаалийн нэмэлт татвар ногдуулав. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Олон улсын худалдааны дүрмийг зөрчиж, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй энэ түрэмгий үйлдлийг Хятад Улс эрс эсэргүүцэж байгаа бөгөөд хэзээ ч тэвчихгүй юм. Нэг өдрийн дотор Хятад Улс ДХБ-д хандан АНУ-ын гаалийн нэмэлт татварын сүүлийн үеийн арга хэмжээний талаар гомдол гаргаснаас эхлээд АНУ-аас гаралтай зарим импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт татвар ногдуулах, улмаар АНУ-ын холбогдох компаниудыг найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалт болон экспортын хяналтын жагсаалтад оруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авав. Хятадын талын хариу арга хэмжээ ар араасаа гарч, өөрийн зүй ёсны эрх ашгаа хамгаалах, олон улсын худалдааны тогтолцоог хамгаалах шийдвэр зоригийг харуулав. Энэ нь зөв зүйтэй бөгөөд шаардлага бүхий арга хэмжээ юм.
Энэ оны 2-р сарын эхээр АНУ фентанил гэх асуудлаар шалтаг болгож Хятад улсаас АНУ-д экспортолж буй бүтээгдэхүүнд гаалийн татварыг 10 хувиар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Сар гаруйн дараа АНУ хуучин арга барилаа давтав. АНУ фентанилын асуудлыг гаалийн татвартай холбож буй нь үндэслэлгүй, үнэн хэрэгтээ энэ асуудлыг улстөржүүлж, зэвсэглэж, “гаалийн татварын дайн"-ыг хурцатгах шалтаг болгож, улмаар Хятад улсыг бусад тал дээр буулт хийлгэхийг зорьж байна гэж шинжээчид онцолжээ.
АНУ-ын фентанилын хямрал хэрхэн үүссэн бэ? Үүнийг олон улс маш тодорхой харж байна. АНУ бол фентанил эмийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч орон юм. Үндсэн шалтгааны хувьд, фентанилын хэтрүүлсэн ашиглалт нь АНУ-ын "дотоодын хямрал" юм. "Difference Group" хэмээх олон улсын зөвлөх компанийг үүсгэн байгуулагч Дэн Стэнбэк саяхан, АНУ-ын Засгийн газар фентанилын асуудал дээр хилийн чанадаас “буруутан” хайх дуртай байгаа бөгөөд хар тамхины хямрал нь дотоодын эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй, асар их ашиг орлого олдог гэдгийг ойлгоогүй гэж бичжээ. Америкийн "Huffington Post" сонинд, сүүлийн жилүүдэд фентанил нь АНУ-д "загварлаг мансууруулах бодис" болсон, энэ нь АНУ-ын эмийн жорын хяналт зэрэг салбарт асар том цоорхой оршиж байгааг тод харуулж байна гэж үзжээ.
АНУ фентанилын асуудлыг хөндөж байгаа бол үнэнийг тодруулах шаардлагатай байна. Хятадын албаны талаас 4-ний өдөр нийтэлсэн “Хятад улс дахь фентанил төрлийн бодисын хяналт" цагаан номд Хятад улс фентанил төрлийн бодисыг хянах талаар хийсэн олон талын ажлууд, шинэлэг туршлагыг дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Үүнээс харвал, Хятад улс нь хар тамхины эсрэг хамгийн хатуу бодлоготой, хэрэгжилтийг хамгийн нарийн хэрэгжүүлдэг орнуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс нь АНУ фентанилын асуудлын эсрэг тэмцэхэд хүмүүнлэгийн үзлийн зориг санааны дагуу дэмжлэг үзүүлсэн. Гэтэл АНУ фентанилын асуудлыг ашиглан Хятад улсад гаалийн татвар ногдуулах замаар шантаажилж байна. Энэ бол Эзопын үлгэрт гардаг "Тариаланч ба могой" зохиолын бодит хувилбар болж байна.
Хариу арга хэмжээний нэг болгон Хятад улс АНУ-аас гаралтай хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнд 10 хувь, 15 хувийн нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдэв. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн "Олон улсын тойм"-д хэлэхдээ: Энэ нь тэгш байдал, нарийвчлал, үр дүнтэй байх зарчмуудыг харуулж байна. Хятад улс бол АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын чухал зах зээл юм. Шар буурцгийг жишээ болгон авч үзвэл, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа агентлагийн статистик мэдээгээр, 2024 онд АНУ-аас Хятад улс руу экспортолсон шар буурцгийн үнэ нь нийт шар буурцгийн экспортын 52 хувийг эзэлж, Хятад улс нь АНУ-ын шар буурцгийн гадаад дахь хамгийн том зах зээл юм. Энэ удаад Хятад улс эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад улс руу экспортлоход зайлшгүй нөлөөлнө гэв.
Гаалийн татвар бол “шидэт эм” биш гэдгийг сүүлийн хэдэн жилийн баримтууд олон удаа нотолсон. АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах зорилтыг жишээ болгон авч үзвэл, АНУ-ын Худалдааны яамнаас 2-р сард гаргасан тоо баримтаас үзвэл, АНУ-ын худалдааны алдагдал 2024 онд 1.21 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн шинэ рекорд тогтоож, энэ үзүүлэлт нь 2017 онд Д.Трамп дэлхийн гаалийн татварын дайныг эхлүүлэхээс өмнөх үеэс 50 хувиар өссөн байна. 2018-2024 онд Хятад улсаас АНУ-тай хийсэн худалдааны эерэг баланс 323 тэрбум 330 сая ам.доллараас 361 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.
Инфляцыг хянах нь АНУ-ын удирдагчдын гол амлалтуудын нэг байдаг боловч гаалийн нэмэлт татвар ногдуулах нь зөвхөн сөрөг үр дагаварт хүргэх болно. Энэ оны 1-р сард АНУ-ын CPI болон үндсэн CPI өмнөх оны мөн үеийнхээс 3 хувь, 3.3 хувиар тус тус өсч, CPI-ын өмнөх сартай харьцуулсан үзүүлэлт гурав дахь сард дараалан нэмэгдсэн байна. Гаалийн татварын дагуу Америкийн ард түмний амьжиргааны өртөг тасралтгүй нэмэгдэж байна. АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс 2-р сард 7 нэгжээр буурч 98.3 болсон нь 2021 оны 8-р сараас хойш өмнөх сартай харьцуулахад хамгийн ихээр буурсан үзүүлэлт болсныг Дэлхийн томоохон компаниудын холбооны статистик бүртгэлд харуулжээ.
Гаалийн татварын дайны мөн чанар нь "өөрийгөө хохироох тоглоом" гэсэн “Нью-Йорк Таймс” сонины үнэлгээ Америкийн нийгэмд олон удаа батлагдаж байна. Өнөөгийн дэлхий ертөнц бол ширэнгэн ойн нийгэм биш, дарамт шахалт, сүрдүүлэлт, заналхийлэл нь Хятад улсад өнгөрсөнд нөлөө болоогүй, одоо болон ирээдүйд ч нөлөө болохгүй юм. Хэрэв АНУ үнэхээр фентанилын асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаа бол Хятад улстай эрх тэгш зөвшилцөл хийж, өөр өөрийнхөө анхаарч буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэв АНУ өөр санаатай байж, гаалийн татварын дайн хийхээр шийдсэн бол Хятад улсын байр суурь хэвээрээ, тухайлбал, хэлэлцээ хийвэл, үүд хаалга нээлттэй, тэмцэлдвэл, эцэст нь хүртэл тэмцэх болно." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0