
Хоёрдугаар сарын 25-нд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн бага хурлыг Линь Жянь удирдаж, олон улсын сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хятадын цэргийн зардалтай холбоотой асуудлаар Линь Жянь хэлэхдээ, " Сүүлийн жилүүдэд дэлхий даяар батлан хамгаалахын зардал тасралтгүй өссөөр байна. Статистик тоо баримтаас үзвэл, 2024 онд дэлхийн цэргийн зардал 2.43 их наяд ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Батлан хамгаалахын төсөв ийнхүү нэмэгдэж буй нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал хурцдаж байгаагийн илрэл юм. Өнөөгийн дэлхий ертөнц аюулгүй байдлын ноцтой сорилтуудтай тулгарч, улс орнууд ч олон улсын аюулгүй байдлын засаглалын хамтын сорилтуудыг даван туулах шаардлагатай тулгарч байна. Ийм нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа том гүрнүүд олон улсын эв нэгдлийг бэхжүүлж, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үүрэгтэй гэв.
Түүнчлэн, Хятад улс энх тайвны замналаа тууштай үргэлжлүүлнэ. Улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг батлан хамгаалахын хязгаарлагдмал зардлаар хангахын зэрэгцээ дэлхийн энх тайвныг сахин хамгаалах чиглэлд бодитой хувь нэмэр оруулсаар байх болно. Хятад улс өөрийгөө хамгаалах стратегийг баримталж, эдийн засаг, батлан хамгаалах салбарын уялдаа холбоог сайжруулан хөгжүүлнэ. Ямар нэгэн улс оронтой зэвсэглэлээр өрсөлдөх бус, харин энх тайвны төлөөх бодит үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, дэлхий нийтийн тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулах болно гэдгийг тэрээр онцоллоо.
Г.Бямба
Сэтгэгдэл0