sonin.mn

ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 26 /Kyodo/. Японд манга буюу зурагт номын борлуулалт 2024 онд түүхэндээ анх удаа 700 тэрбум иен буюу 4.67 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 1.5 хувиар өсжээ. Үүнд цахим номын борлуулалт өссөн нь ихээхэн нөлөөлсөн байна. Зурагт номын борлуулалт тав дахь жилдээ дараалан түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн бөгөөд 704.3 тэрбум иений борлуулалтын 72.7 хувийг дижитал форматтай бүтээгдэхүүнүүд эзэлжээ. “COVID-19” цар тахлын үед эрэлт нэмэгдсэний дараа хэвлэмэл хувилбарын борлуулалт буурсаар байна гэж Хэвлэлийн судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэн байна.


Тодруулбал, дижитал форматтай комиксуудын борлуулалт өмнөх оныхоос 6 хувиар өсөж, 512.2 тэрбум иенд хүрчээ. Үүнийг 2019 оныхтой харьцуулахад хоёр дахин өссөн хэдий ч өсөлт саарч байгааг тайланд дурдсан байна.


Харин хэвлэмэл комик ном, сэтгүүлийн борлуулалт 192.1 тэрбум иен болсон нь жилийн өмнөхөөс 8.8 хувиар буурчээ. Өнгөрсөн онд зурагт номын борлуулалт тус улсын хэвлэлийн зах зээлийн 44.8 хувийг эзэлсэн нь 1.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг