sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 26 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд /суборбитал/ нислэг үйлдэх “New Shepard” хөлгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр хөөргөжээ. Энэ бол жуулчдыг сансарт илгээж буй 10 дахь нислэг юм. 


Хөлгийг Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших сансрын хөлгийн буудлаас мягмар гарагт хөөргөжээ. Энэ удаагийн нислэг 10-12 минут үргэлжилсэн байна. Нислэгийн үеэр сансрын жуулчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрч, сансраас эх дэлхийгээ ажиглан харжээ. 


Дахин ашиглах зориулалттай "New Shepard" хөлгийг жуулчдыг дэд тойрог замд аялуулах зорилгоор бүтээжээ. Уг хөлөг нь зөөгч пуужин болон зургаан хүний багтаамжтай капсулаас бүрддэг бөгөөд эл тойрог замд анх удаа нислэг үйлдсэн Америкийн сансрын нисгэгч болох Алан Шепардын нэрээр нэрлэсэн байна. 


“New Shepard” хөлгөөр бизнес эрхлэгч Лейн Бесс, Испанийн телевизийн хөтлөгч, уралдаанч Хесус Кальеха, физикч, бизнес эрхлэгч Элейн Чия Хайд, нөхөн үржихүйн эндокринологич эмч Ричард Скотт болон хеж сангийн хувь нийлүүлэгч Тушар Шах нар аялжээ.


“Blue Origin” компанийг “Amazon”-ы эзэн Жефф Безос 2000 онд байгуулсан юм. “New Shepard” хөлгийн туршилтын загваруудыг 2000-аад оны дундуур зохион бүтээсэн бөгөөд уг хөлгийг 2015 онд сансарт анх удаа хөөргөжээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг