sonin.mn

СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 26 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ансон хотод хурдны замын барилгын талбайд гүүр нурсны улмаас дөрвөн ажилчин амиа алдаж, зургаан хүн бэртсэн тухай холбогдох албаныхан мэдэгджээ.


Осол Сөүлээс өмнө зүгт 65 км-ийн зайд орших тус хотод мягмар гаргийн өглөөний 9:50 цагийн орчимд Сөүл-Сэжон чиглэлийн хурдны замын нэг хэсгийг барих ажил явагдаж байх үед болсон байна.


Тулгуур дээр байрлуулсан хэд хэдэн хавтан унаж, тэнд ажиллаж байсан 10 хүн дарагджээ. Тэдний дөрөв нь амиа алдаж, тав нь хүнд, нэг нь хөнгөн бэртсэн гэж гал түймэртэй тэмцэх албаныхан мэдээлжээ. Амиа алдсан дөрвөн хүний ​​нэгийг нь 14:20 цагийн орчимд нурангин доороос гаргаж авснаар аврах ажиллагаа дууссан байна.


Барилгын ажлыг хариуцаж буй “Hyundai Engineering” компанийн зүгээс хүний ​​амь эрсдэж, бэртэж гэмтсэн явдалд хүлцэл өчжээ. “Бид ослын шалтгааныг нарийвчлан тогтоохын тулд холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.


Гал түймэртэй тэмцэх ерөнхий газраас ослын улмаас сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаанд гал сөнөөгчдийг дайчлах тушаал гаргажээ. Мөн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок бэлэн байгаа бүх нөөцийг аврах ажиллагаанд дайчлах чиглэл өгсөн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг