
Альфа, Вымпелийн дайчдын бие бялдрын бэлтгэл үнэхээр биширмээр. Гардан тулааны урлагийн "хөнгөн" хувилбаруудыг судалдаг тамирчдаас ялгаатай нь ФСБ-ийн тусгай хүчнийхэн дайсныг зөвхөн дэвжээн дээр ялдаг төдийгүй жинхэнэ байлдааны даалгаврыг гүйцэтгэх чадвартай байдаг. Гэвч ЗХУ-ын КГБ-ын гардан тулааны үндэс болсон “оперативийн каратэ”-г Кубын дасгалжуулагч Рауль Рисо Зөвлөлт холбоот улсад авчирсныг цөөхөн хүн мэддэг.
Мастерын замнал
1978 онд КГБ-ын дарга Юрий Андроповын орлогч, хурандаа генерал Владимир Пирожков Куба улсад айлчилжээ. Нэгэн удаа Фидель Кастро түүнийг орон нутгийн Дотоод хэргийн яамны ажилтнуудын сургалтыг үзүүлэхээр урьжээ. Энэ нь Кубын тусгай хүчин Avispas Negras ("Хар соно") байсан бөгөөд бусад зүйлсээс гадна тэд комендантын аюулгүй байдлыг хангадаг байв. Хурандаа генерал Пирожковын харсан зүйл түүний сэтгэлийг гүнзгий эзэмджээ. Тэрбээр Зөвлөлтийн чекистүүд хуучин арга барилаар самбогоор хичээллэж байгаа ч Кубын тусгай хүчнийхэнтэй жинхэнэ тулаан хийвэл дийлж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон байна. Тэр үед цагийн байдал ч хэцүү байжээ.
Хууль сахиулах байгууллагын ажилтнууд сайн бэлтгэгдсэн дайсантай тулгарах явдал нэмэгдэж байсан бөгөөд 1972 оны Мюнхений олимпийн үеэр тамирчдыг барьцаалсан явдлыг хүн бүр санаж байжээ. Мөн удахгүй Москвад болох Олимпийн наадмын үеэр үүнтэй төстэй зүйл дахин давтагдахыг хэн ч хүсэхгүй байв.
Тиймээс Лубянкд Кубын "оперативийн каратэ"-ын талаар илүү ихийг мэдэхээр шийджээ. Энэхүү байлдааны системийг Рауль Рисо гэгддэг Доминго Родригес Окендо офицер боловсруулжээ. Тэрбээр энэхүү байлдааны системийг бүтээхдээ Жёшинмон каратэгийн “элит” хэв маягийг үндэс болгон авсан байна. 1968 оноос хойш Рауль Рисо Эрх чөлөөний арал дээр ирсэн Японы каратэгийн мастер Кобаяши Сейки болон мөн уг стилийг үндэслэгч Хоши Икэда нараас суралцсан бөгөөд Рауль Японд хэдэн жил амьдарч, мастерийн ур чадварыг эзэмшиж, нэгэн зэрэг практик хэрэгцээнд зориулж энэхүү системийг сайжруулжээ.
Куба эр шаардлагагүй бүх зүйлийг хаяж, хамгийн "аюултай" арга техникийг үлдээсэн бөгөөд "оперативийн каратэ"-гийн хөдөлгөөн бүр дайсныг саармагжуулах тодорхой даалгаварт нийцдэг байна. Рисо онцгой эмзэг цэгүүдийг цохиж сурахаас гадна тулаанд илүү хүчтэй өрсөлдөгчөө ялах янз бүрийн арга мэхэд суралцжээ.
Энэ үед Кубад “Каратэ бол хувьсгалын зэвсэг” гэсэн уриа лоозон хүртэл бий болсон байв. "Рауль Рисогийн боловсруулсан, Кубын тусгай хүчнийхэнд ашигладаг оперативийн каратэгийн систем нь хэрэглээний шинж чанараараа барууны бүх адил төстэй системээс, тэр ч байтугай дорно дахины уламжлалт тулаанаас ч давж гарсан" гэж Улсын аюулгүй байдлын хорооны хошууч генерал Валерий Величко бичжээ. Энд цохон тэмдэглэхэд ийм системийг ЗХУ-д өөрөө бий болгох боломжгүй байсан бөгөөд учир нь капиталист орны хувьд Япон руу аялахыг тийм ч таатай хүлээж авдаггүй байв.
Рауль Рисо ЗХУ-д
Рауль Рисог түүний шавь Рамиро Чариногийн хамт ЗХУ-д илгээсэн бөгөөд Кубын дасгалжуулагчид ЗХУ-д ирснээр жинхэнэ сенсаци дэгджээ. 1978 оны сүүл 1979 оны эхээр “Динамо” цэнгэлдэх хүрээлэнд гурван сарын хугацаатай бэлтгэл хийх үеэр тэд 3 бүлгийн сургагч багш нарыг бэлтгэж, тэд эргээд ЗХУ-ын аюулгүй байдлын албаны хэдэн зуун мянган алба хаагчдад "оперативийн каратэ”-г заажээ.
Рауль Рисогийн анхны 15 шавь ижил Жёшинмон сургуульд үндэслэсэн боловч дотоодын хэв маягийн "байлдааны" эсвэл "хэрэглээний" каратэг хөгжүүлсэн байна.
ЗХУ-ын Жёшинмон каратэгийн сургуулийн ирээдүйн тэргүүн Юрий Маряшиний санаачилгаар “оперативийн каратэ”-г улсын аюулгүй байдлын офицеруудын цэрэг-бие бялдарын бэлтгэлийн хөтөлбөрт оруулсан бөгөөд мөн энэхүү системийн өөр нэг алдартай хүн бол тулааны урлагийн мастер хурандаа Алексей Александров байжээ. Тэрбээр "Гардан тулааны үндэс" сурах бичгийг бичжээ.
Каратэгийн сургууль нь ЗХУ, Кубын хамтын ажиллагааны чухал үе шат болсон бөгөөд Кубын удирдагчийн дүү Рауль Кастро хүртэл КГБ-ын гардан тулааны төгсөлтийн шалгалтын нэгэнд оролцож байв.
Гэхдээ каратэг албан ёсоор хориглох үед гадаадын дасгалжуулагчид ЗХУ-д ирэхээ түр зогсоосон ч Зөвлөлтийн чекистүүд өөрсдийн ур чадварыг дээшлүүлсээр байжээ. Рауль Рисо 1988 онд Москвад дахин айлчилж, КГБ-ын 9-р газар буюу ерөнхийлөгч Горбачевын хамгаалалтын ажилтнуудад Жёшинмоны сэдвээр семинар хийсэн бөгөөд Кубын алдарт мастер ЗХУ задран унасны дараа ч ОХУ-д айлчилж байв. Тэрбээр 2011 онд нас барсан бөгөөд Альфа, Вымпел, Цэргийн тагнуулын офицеруудын сэтгэл зүрхэнд нэгэн зэрэг ухаалаг багш, даруухан хүн хэвээр үлдсэн байна.
Эх сурвалж: dzen.ru
Ж.Батдорж
Сэтгэгдэл3
Маш сонирхолтой юм
ОРОС ХЭЛ ДЭЭР ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛ МАШ ИХ ГАРДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. СОРЧИЛЧ ОРЧУУЛБАЛ ЗҮГЭЭР Л БАЙХ ДАА.
чи бол илүү шүү