
Америкийн Засгийн газар "Америк нэгдүгээрт" хөрөнгө оруулалтын бодлогын меморандумаа нийтэлсэнтэй холбогдуулан, Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 2-р сарын 22-нд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ:"АНУ-ын Цагаан ордны албан ёсны вэбсайтад 2-р сарын 21-нд нийтлэгдсэн 'Америк нэгдүгээрт' хөрөнгө оруулалтын бодлогын меморандумд тус улсын хөрөнгө оруулалтын бодлогод шинэчлэлт, тохируулга хийх тухай дурдсан байна. Тэр дундаа Америк, Хятадын хоёр талт хөрөнгө оруулалтыг илүү хязгаарлах чиглэлтэй гэж онцолжээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын тал ямар байр суурьтай байна?" гэсэн асуултад
"Бид энэ асуудалтай холбоотой мэдээллийг анхааралтай ажиглаж байна. Америкийн зүгээс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэт өргөжүүлж, ялгаварлан гадуурхсан бодлого хэрэгжүүлэх нь хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хэвийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх зах зээлийн бус үйлдэл гэж үзэж байна.
Америк Хятадын компаниудын хөрөнгө оруулалтад хэт хатуу хяналт тавих нь тэдний тус орон дахь хөрөнгө оруулах итгэлийг сулруулах болно. Америкийн тал Хятадын компаниудад шударга, ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлэхийг бид хүсэж байна.
Мөн Америкаас Хятадад чиглэсэн хөрөнгө оруулалтыг цаашид хязгаарлах гэж буй нь зүй зохисгүй алхам юм. Энэ бодлого хэрэгжсэн тохиолдолд хоёр улсын хөрөнгө оруулалтын харилцаа алдагдаж, эцэстээ Америк өөрөө хохирох болно. Америкийн олон бизнесийн холбоо, аж ахуйн нэгжүүд энэ талаар санаа зовниж, Хятадын зах зээлд байр сууриа хадгалах боломжгүй болох нь өрсөлдөгчдөд байр сууриа алдах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Иймд олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны дүрэм журмыг мөрдөж, зах зээлийн эдийн засгийн зарчмыг хүндэтгэхийг бид Америкийн талд уриалж байна. Мөн эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлэхээс зайлсхийхийг шаардаж байна. Хятад улс Америкийн талын цаашдын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж, хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно." гэж хариулжээ.
Сэтгэгдэл0