sonin.mn

Хиндү хүмүүсийн хамгийн ариун дагшин гэж үздэг Ганга мөрөн нь Гималайн нуруунд орших Энэтхэгийн Ганготри тосгоноос эх авдаг. Уг гол тэндээс эх авч Хойд Энэтхэгийн тэгш тал нутгаар дамжин Бенгалын булан хүртэл урсаж, 2.5 мянган км замыг туулдаг байна. Хиндүчүүдын хувьд Ганга мөрөн бол бүх ариун усны эх гэж тооцогддог ба Ганга гэдэг нь Ганга эх бурхан бөгөөд түүнийг "Ганга-ма" ч гэж нэрлэдэг байна.


Ганга мөрөн нь цэвэр ариун байдлын илэрхийлэл болдог бөгөөд харин Ганга мөрөн асар их бохирдолтой байгаа нөхцөлд ямар ч цэвэр ариун байдлын тухай ярих боломжгүй юм.


Тэгвэл Энэтхэгчүүд яагаад Ганга мөрний усанд ордог талаар та бүхэнд тайлбарлая. Хиндү шашны итгэл үнэмшлээр бол Ганга мөрөнд хүрсэн бүх зүйл ариусдаг гэж үздэг бөгөөд түүний бүх урсгал нь түүнд итгэгчдийн мөргөлийн зам юм. Сая сая Хиндү хүмүүс түүний зам мөрийг тэмдэглэсэн хамгийн чухал мөргөлийн газруудад зочилдог бөгөөд эдгээрийг дурьдвал Ганга мөрөн үүсэн бий болсон Ганготри дахь эх булаг, Ганга мөрнөөс тал руу урсдаг Хардвар ("Бурханд хүрэх хаалга"); Ариун Жумна гол болон домогт Сарасват голтой нийлдэг Праяграж; Ганга мөрний эрэг дээр байрлах Шива бурхан оршдог, Хиндүчүүдын хамгийн ариун хот Варанаси болон Ганга мөрний усаа цутгадаг газар болох Гангасагар зэрэг юм. Мөргөлчид эдгээр газруудыг зорин ирж Ганга мөрөнд биеэ угааж, усыг нь ууж, голын өмнө мөргөж, ариун нэрийг нь магтан дуулдаг бөгөөд мөн Варанасид олон хүн төрөл төрөгсдөө чандарлах болон нас барагсдынхаа чандрыг голд урсгах, өвөг дээдсийнхээ төлөө шашны зан үйл хийхээр ирдэг байна. Зарим нь амьдарлынхаа эцсийн өдрүүдийг энэ голын эрэг дээр өнгөрөөж, тэнд үхэх гэж ирдэг бөгөөд ингэснээр төрөлт болон үхлийн далайг гэтэлдэг аж. Маш олон Хиндү шашны гэгээнтнүүд, бэлэвсэн эхнэрүүд болон бусад бясалгалд үнэнч хүмүүс Ганга мөрний эрэг орчмын ариун газруудад амьдардаг.


Голын эрэг дээр ирсэн хүн бүр усанд орох эсвэл түүнийг зүгээр харах нь тэдний нүглийг (муу үйлийн үр дагавраас) ариусгаж, хүн бүрийг эцсийн ангижралд (мокша) ойртуулна гэдэгт бат итгэдэг. Харин уг голын эрэгт мөргөл хийх боломжгүй хүмүүс мөргөлчдийн гэртээ авчирдаг Ганга мөрний ариун усыг ууж болно.


Ганга мөрний усыг хуримын зочид болон өвчтэй, үхэж буй хүмүүст өгдөг ба ингэснээр тэрбээр Хиндү шашинтны тангараг өргөснөө баталгаажуулдаг байна. Өдөр тутмын зан үйлд сүсэг бишрэлтэй Хинду хүн бүр усанд ордог усаа Ганга мөрөн байгаасай гэж залбирдаг аж. Ганга мөрний ариусгах хүчийг Сарасвати дарь эх нүгэлт хүмүүс одоо түүний усаар ариусгагдах болно гэж хараасан үйл явдлыг эс тооцвол домогт тодорхой тайлбарлаагүй байдаг. Ганга мөрний цэвэршүүлэх хүчний шашны үндэслэл нь олон сая хүний мөргөл үлдэх нөхцөл болдог аж. Мөн үүн дээр нэмээд Энэтхэгт бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс олон байдаг тул голын усан дахь нян бактери, халдварт өвчин, хорт бодисыг үл харгалзан хүмүүс голын усанд орж, тэр ч бүү хэл усыг нь хэрэглэсээр байна. Тэр үүднээсээ Ганга мөрөн нь суулгалт өвчний улмаас нярайн эндэгдэл өндөр байгаа гол шалтгаануудын нэг болдог аж.



Эх сурвалж: dzen.ru

Ж.Батдорж