
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И хоёрдугаар сарын 21-ний өдөр Йоханнесбург хотноо Энэтхэгийн Гадаад харилцааны сайд Субрахманям Жайшанкартай уулзжээ.
Уулзалтын үеэр Ван И: "Өнгөрсөн жил БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Казань хотноо уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх ерөнхий чиглэлийг тодорхойлсон.Хятад, Энэтхэг бол эртний түүх, соёлтой, хөрш зэргэлдээ хоёр том улс. Бид харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтдаа хөгжих нь чухал. Сүүлийн үед хоёр орны бүх түвшний харилцаа аажмаар сэргэж, хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчид тодорхой санал зөрөлдөөнийг эв зүйгээр зохицуулах чиглэлд ойлголцолд хүрлээ. Энэ нь хоёр ард түмний нийтлэг хүсэл, хүлээлттэй нийцэж байна.
Хоёр улс удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг дагаж, харилцаагаа зөв голдиролд байлгах ёстой. Хятад улс Энэтхэгтэй хамтран дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулж, харилцааны хөгжилд шинэ эрч хүч өгөхөд бэлэн байна” хэмээжээ.
Субрахманям Жайшанкар хэлэхдээ, “Казанийн уулзалт нь хоёр улсын харилцааг сэргээхэд чухал чиг баримжаа болж өгсөн. Үүний үр дүнд олон салбарын хамтын ажиллагаа аажмаар идэвхжиж, тодорхой ахиц гарч байна.Энэтхэг, Хятад хоёр улс итгэлцлээ нэмэгдүүлэх нь харилцан ашигтай. Энэтхэг улс хоёр орны харилцааг ахиулахын төлөө өмнөх ололт амжилтаа нандигнан хадгалж, Хятадтай хамтын ажиллагааны механизмыг түргэн сэргээх, соёлын болон боловсон хүчний солилцоог өргөжүүлэх, хил орчмын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна” гэжээ. Түүнчлэн, “Өнөөдөр дэлхий дахинд хуваагдал, туйлшралын эрсдэл нэмэгдэж байна. Энэ нөхцөлд Энэтхэг, Хятад хоёр улс Их 20, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС зэрэг олон улсын механизмуудын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь урьд өмнөхөөс илүү чухал болоод байна” гэдгийг Субрахманям Жайшанкар онцолжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Энэтхэг африкт төрөлт огцом буураасай.
крипто хулгайч луйварчны байгаа байршлыг зааж өгсөн мэдээлэлийг 140 сая $-р авна гэсэн үү. мөнгө их хэмжээгээр хэрэгтэй.