sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 22 /DW/. Орос, Украины хоорондох дайныг зогсоохын тулд Владимир Путин, Владимир Зеленский нар уулзах хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. “Ерөнхийлөгч Путин, Ерөнхийлөгч Зеленский нар уулзах ёстой гэж би бодож байна. Яагаад гэдгийг та бүхэн мэдэх үү? Яагаад гэвэл бид олон сая хүний амь эрсдэхийг зогсоохыг хүсэж байна" гэж тэрбээр хэлжээ. Мөн өдөр Д.Трамп “Fox News” радиод өгсөн ярилцлагадаа, Украины эсрэг Оросын дайныг зогсоох хэлэлцээнд В.Зеленскийг оролцох шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Америкийн удирдагч хоёр талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа гэж онцолжээ.




Д.Трамп Ялалтын баярт оролцохгүй


Д.Трамп мөн тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Ялалтын баярт оролцоно гэх мэдээллийг дээрх уулзалтын үеэр үгүйсгэжээ. Орост болох Дэлхийн II дайнд ялсны баярт зориулсан ёслолд оролцох эсэхийг нь асуухад тэрээр “оролцохгүй” гэж хариулсан байна.

Америкийн удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар Москвад болох ёслолд оролцох бололтой гэж Францын "Le Point" сэтгүүлд нэрээ нууцалсан эх сурвалжийг эш татан өмнө нь мэдээлжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, Ялалтын баярын хүрээнд Москвад хийх Д.Трампын айлчлал одоогоор төлөвлөгдөөгүй гэжээ. Айлчлалын талаар талууд тохиролцсон эсэхийг сэтгүүлчид асуухад Д.Песков үгүйсгэсэн хариулт өгсөн байна


Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг