sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 21 /TASS/. "Долларыг устгах тухай дурдах төдийд л” 150 хувийн татвар ногдуулна гэж БРИКС-ийн орнуудад сануулсан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 

“БРИКС-ийн тухайд тэд шинэ валют бий болгох гэж байсан. Тэд юанийг ашиглах гэж байсан байж магадгүй. Долларыг устгах тухай дурдсан БРИКС-ийн аль ч улсад 150 хувийн татвар ногдуулна гэдгийг би хамгийн түрүүнд хэлсэн. Бидэнд тэдний бараа хэрэггүй" гэж Бүгд Найрамдах намаас сонгогдсон захирагч нартай уулзах үеэрээ Трамп хэлсэн байна. 




Энэ сүрдүүлгийн дараа БРИКС-ийн орнуудаас ямар нэгэн хариу өгөөгүй гэдгийг тэрбээр дурдаад "тэдэнд юу тохиолдсоныг би мэдэхгүй. Сүүлийн үед БРИКС-ийн орнуудаас бид юу ч сонсоогүй" гэж Цагаан ордны тэргүүн хэлжээ. 




Түүнчлэн импортын татварыг ногдуулснаар орлогын албан татварыг цуцлах боломжтой талаар дурдсан байна. "Бид орлогын албан татварыг бүрэн цуцлах боломжтой. Магадгүй энэ бүхэн ажил хэрэг болоход бидэнд орлогын албан татварын тогтолцоо огт хэрэггүй болно" гэж онцлон тэмдэглэжээ. 

БРИКС-ийн орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтийг бий болгож, харилцан төлбөр тооцоо хийхдээ америк долларыг ашиглахаас татгалзвал АНУ-д импортолж буй бараанд нь 100 хувийн татвар ногдуулна гэж Д.Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрбээр хэлэхдээ, олон улсын худалдаанд ам.долларыг өөр валютаар орлуулахыг оролдсон аливаа улс "Америкийн зах зээлээс хагацах болно" гэжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг