
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 21 /CNN/. АНУ-ын Сенатын танхим Каш Пателийг Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирлаар пүрэв гарагт батламжилснаар Ерөнхийлөгч Дональд Трампын үнэнч дэмжигч, консерватив үзэлтнийг тус улсын хууль сахиулах томоохон агентлагийн тэргүүнээр томилжээ.
К.Пателийг батламжлахыг Сенатын гишүүдийн 51-49 саналын харьцаагаар дэмжсэн бөгөөд Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Сюзан Коллинз, Лиза Мурковски нар Ардчилсан намын гишүүдтэй нэгдэж эсрэг санал өгсөн байна.
К.Пателийг нэр дэвшүүлсэн нь Ардчилсан намаас сонгогдсон сенатчдын ширүүн шүүмжлэлд өртөж "энэ хүн Д.Трампын улс төрийн өрсөлдөгчдийн эсрэг албан тушаалаа ашиглаж магадгүй" гэдгийг анхааруулж байв.
Харин Сенатын сонсголын үеэр К.Патель ХМТ-нд “улстөржих явдал гарахгүй”, “залхаан шийтгэх арга хэмжээ авахгүй” гэж мэдэгдээд, Ардчилсан намынхныг "хуучин цагийн сэтгэлгээгээр асуудалд хандаж байна" гэж буруутгажээ.
ХМТ-ны захирлын албан тушаалыг улс төрөөс ангид байлгахын тулд бүрэн эрхийн хугацааг нь 10 жил болгожээ. Гэвч Цагаан ордонд ирэх нь тодорхой болсны дараа Д.Трамп тухайн үеийн ХМТ-ны дарга Крис Рэйг огцруулах саналтай байгаагаа хэлсэн нь түүнийг огцроход хүргэж, К.Патель уг албан тушаалд очих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Бүгд найрамдахчууд ХМТ-г удирдуулахаар Д.Трампын сонгосон хүнийг хамгаалж, К.Патель тус товчоонд ил тод байдлыг авчирна гэж үзжээ. Тэд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Роберт Кеннеди, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Үндэсний тагнуулын газрын захирал Тулси Габбард нарын зэрэг эргэлзээ төрүүлж байсан нэр дэвшигчдийг батламжлаад байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0