sonin.mn

АНКАРА, 2025 оны хоёрдугаар сарын 19 /VOA/. Турк улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг цаашид хүндэтгэсэн хэвээр байх болно гэдгийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мягмар гарагт мэдэгдээд, Оросын оролцоотой аливаа энхийн хэлэлцээг хийхэд тохиромжтой газар бол Турк гэдгийг дурджээ. 

Украин, Оросын дайныг зогсоох талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн дипломат санаачилга нь дайн эхэлснээс хойш баримталж буй Туркийн бодлоготой нийцэж байгааг Р.Эрдоган Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Анкарад хэлэлцээ хийсний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. 




Харин В.Зеленский хэлэхдээ, лхагва гарагт Саудын Арабад хийхээр товлосон айлчлалаа гуравдугаар сарын 10-нд болгон хойшлуулсан гэдгээ мэдэгдээд дайныг хэрхэн зогсоох тухай асуудлыг Украины оролцоогүйгээр хэлэлцэх боломжгүй хэмээн онцлон дурджээ. Шударга энх тайвныг тогтоохын тулд Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай хэлэлцээнд АНУ, Украин болон Европын орнууд оролцох ёстой гэж тэрбээр хэллээ. 




АНУ-ын Ерөнхийлөгчийн Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч мягмар гаргийн орой Киевийг зорьсон тухай “Reuters” агентлаг эх сурвалжийг эш татан мэдээлжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг