sonin.mn

ВАТИКАН, 2025 оны хоёрдугаар сарын 19 /BBC/. Пап лам Францисын хоёр уушгинд нь хатгалгаа үүссэн бөгөөд түүний эрүүл мэндийн байдал “нарийн төвөгтэй” хэвээр байна гэж Ватиканы хэвлэлийн алба мэдэгдлээ.

Өдгөө 88 настай тэрбээр долоо хоног гаруйн хугацаанд амьсгалын замын халдварт өвчнөөр өвдөж, өнгөрсөн баасан гарагт Ром хотын Жемеллийн нэрэмжит эмнэлэгт хүргэгдсэн байна. “Мягмар гаргийн үдэд Гэгээн эцгийн цээжинд хийсэн рентген шинжилгээгээр хоёр уушгинд нь хатгалгаа үүссэнийг тогтоосон тул эмийн нэмэлт эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон” гэж Ватиканы захиргаа мэдэгдсэн байна.




Лабораторийн шинжилгээнүүд, цээжний рентген зураг, Пап ламын эмчилгээний байдал зэрэг нь түүний эрүүл мэндийн байдал "нарийн төвөгтэй хэвээр байгааг харуулж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Гэсэн хэдий ч пап лам сэтгэл санаагаар өөдрөг хэвээр байгаа бөгөөд ном уншиж, амарч, залбирч өдрийг өнгөрүүлсэн байна. Тэрбээр өөрт нь эрүүл энхийг хүссэн хүмүүст талархсанаа илэрхийлээд, өөрийнх нь төлөө залбирахыг тэднээс хүссэн байна.




Өнгөрсөн долоо хоногт эмнэлэгт хүргэгдэхээс өмнө Пап ламд бронхит өвчний шинж тэмдэг хэдэн хоногийн турш илэрсэн бөгөөд хурал цуглааны үеэр урьдчилан бэлтгэсэн илтгэлүүдийг нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь уншжээ. Тэрбээр ирэх нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх Католик шашны Ариун жилд зориулан амралтын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн хэд хэдэн ёслолыг удирдах ёстой байсан боловч эдгээр арга хэмжээг ням гараг хүртэл хойшлуулсан байна.

Даваа гарагт Ватиканы захиргааны мэдэгдсэнээр, эмч нар “амьсгалын замын полимикробын халдвар” авсан гэж оношлон хоёр дахь удаагаа эмийн эмчилгээг өөрчилжээ. Францис насанд хүрсэн хойноо плеврит буюу уушгины гялтан хальсны үрэвсэлтэй болж, 21 настайдаа уушгиныхаа нэг хэсгийг авахуулсан тул уушгины халдварт өртөмтгий болжээ.



Ромын католик сүмийн тэргүүний албыг 12 жил хаших хугацаандаа тэрбээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд 2023 оны гуравдугаар сард бронхит өвчний оноштойгоор гурван хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг