
ЙЕРУСАЛИМ/КАИР, 2025 оны хоёрдугаар сарын 19 /Reuters/. Израил болон ХАМАС бүлэглэл Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн хоёр дахь үе шатны хэлэлцээг хийж эхэлнэ гэж албаны хүмүүс мягмар гарагт мэдэгдлээ. Мөн ХАМАС энэ долоо хоногт өмнөхөөс олон барьцааны хүнийг суллаж, хүүхдүүдийн цогцсыг хүлээлгэн өгөх гэж байна.
ХАМАС-ын удирдагч Халил аль-Хайяагийн хэлснээр, Бибасийн гэр бүлийнхнийг оролцуулаад барьцаанд байсан дөрвөн хүний цогцсыг пүрэв гарагт хүлээлгэн өгнө. Түүнчлэн барьцаанд байгаа зургаан хүнийг бямба гарагт суллана.
Бямба гарагт барьцааны зургаан хүнийг, пүрэв гарагт нас барсан дөрвөн хүний цогцсыг, мөн ирэх долоо хоногт дахин дөрвөн хүнийг суллах тохиролцоонд хүрсэн гэдгийг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба баталсан боловч хүмүүсийн нэрсийг дурдсангүй. Израилын төлөөлөгчийн хэлснээр, барьцаанд байхдаа нас барсан хүмүүсийн нэрсийг зарлахаас өмнө Израилд цогцсыг таниулах ажиллагаа явуулах ажээ.
Хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ хоёрдугаар сарын 4-нд эхлэх ёстой байсан боловч Катар, Египет, АНУ-ын зуучилж буй уг хэлэлцээ албан ёсоор эхлээгүй юм. Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар Йерусалемд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, хэлэлцээ энэ долоо хоногт болно гэлээ.
Газын зурвас дахь дайныг бүрмөсөн зогсоох зорилгоор нэгдүгээр сарын 19-нд хэрэгжиж эхэлсэн гурван үе шаттай гал зогсоох хэлэлцээрийн дараагийн шатны хэлэлцээрт оролцох талаар Израилын тал сүүлийн хэдэн долоо хоногт янз бүрийн мэдэгдэл хийсээр иржээ.
2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн халдлагын үеэр барьцаалагдсан хүмүүсийн тоонд Бибасын гэр бүл, тэдний дунд барьцаалагдах үедээ нэг нас ч хүрээгүй байсан Кфир Бибас, түүний ах 4 настай Ариэль нар байжээ. Тэдний эцэг Ярден Бибас энэ сард суллагдсан боловч эх Шири суллагдаагүй байна. 2023 оны сүүлчээр ХАМАС-ын мэдэгдсэнээр, Шири болон түүний хүүхдүүд Израилын бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан байна. Израилын тал тэднийг амиа алдсаныг батлаагүй бөгөөд тэдний төлөө ихэд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.Амиа алдсан дөрөв дэх барьцааны хүн хэн болохыг зарлаагүй байгаа боловч бямба гарагт суллагдах гэж буй эсэн мэнд байгаа зургаан барьцааны хүний ар гэрийнхэнд мэдэгдэл хүргүүлжээ. Тэд бол 2023 оны 10 дугаар сарын 7-нд барьцаалагдсан 27 настай Элия Коэн, 40 настай Тал Шохам, 22 настай Омер Шем Тов, 23 настай Омер Венкерт нар юм. Мөн 10 гаруй жилийн өмнө Газын зурвас руу нэвтэрснээсээ хойш хоригдож буй 36 настай Хишам Аль-Сайед, 39 настай Авера Менгисту нар багтжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0